Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн гуравдугаар бага хурлын эхний өдөр шадар сайд У.Хүрэлсүх Японы гамшгийн удирдлагын төрийн сайд, хатагтай Эрико Яматанитай уулзлаа.
2011 онд Япон улсад хүчтэй газар хөдлөлт, цунами болсон. Энэхүү байгалийн гамшгийн үеэр Монголын засгийн газар, ард түмэн халуун сэтгэлийн гараа сунгаж, багагүй хэмжээний тусламж дэмжлэг үзүүлсэнд байнга талархаж явдгаа сайд, хатагтай Яматани уулзалтын эхэнд онцоллоо.
Монголын ард түмэн хандив тусламж үзүүлээд зогсохгүй Монголын онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн аврах ажиллагаанд оролцсоныг Японы сайд зориуд талархан дурсаж, монголын аврагчид үүргээ онц сайн гүйцэтгэснийг үнэлэн хэлсэн юм.
Гамшгаас хамгаалах чиглэлээр хоёр улс хамтран ажиллах, онцгой байдлын салбарын байгууллагуудынхаа харилцааг өргөжүүлэх талаар сайд нар санал солилцсон. Тухайлбал Японы хамтын ажиллагааны нийгэмлэг /Жайка/ Монголын Онцгой байдлын албыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Үүнийг өргөжүүлэх асуудлыг уулзалтаар хөндөн ярилаа.
Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурлаас гамшгийн эрсдлийг бууруулах санаачлага гаргахаар Японы тал санал болгосон. Санаачлагын хүрээнд дэлхийн улс орнууд, тэр дундаа ази номхон далайн улс орнууд хоорондоо гамшгийн эрсдлийг бууруулах техник технологи, арга туршлагаасаа хуваалцахыг Япон Улсын ерөнхий сайд Шинзо Абэ уриалсан.
Түүний энэ саналыг дэмжиж, Монгол улсыг энд хамруулах тал дээр санаачлагатай ажиллахаа Шадар сайд Хүрэлсүх ерөнхий сайд Шинзо Абэтай уулзахдаа хэллээ. Бага хурлын эхний өдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэ хуралд оролцож буй өндөр дээд хэмжээний зочдыг хүлээн авч уулзсан. Сонирхуулахад, зургаан орны шадар сайд энэ хуралд оролцож байгаа юм байна