Монгол улс ОХУ-тай хил орчмын бүс нутгийн гамшгаас хамгаалах чиглэлээр хамтрана

“Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож буй Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын  иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайд Владимир Андреевич Пучковтой уулзлаа.

            1995 онд Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаварыг арилгах салбарт хамтран ажиллах тухай  Монгол улс, ОХУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 13 удаа болж, бүс нутгийн хуралдааныг жил бүр 2-3 удаа тогтмол хийдэг уламжлал тогтсон байна.

            Хамгийн сүүлд  13 дахь удаагийн  хуралдаан 2014 оны 10 дугаар сард Монгол улсад болсон. Энэ үеэр онцгой байдал, гамшгаас хамгаалах чиглэлээр  ОХУ-д  улсад суралцагчдын тоог нэмэгдүүлэх, хил орчмын  ой хээрийн түймрээс хамгаалах талаар манай талаас хөндөн ярьж, хойд хөршийн зүгээс ч нааштай хариу өгсөн.

            Мөн өнгөрсөн 9 дүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч  Путины Монголд хийсэн айлчлалын үеэр “Ойг түймрээс хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үзэглэжээ. Хууль эрх зүйн хувьд хоёр орны онцгой байдал, гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах баримт бичгүүд тодорхой түвшинд байгуулагдсан. Энэ  хүрээнд 2009-2010 оны өвөл зудад нэрвэгдсэн Монголын малчдад туслахаар ОХУ-аас 35 чингэлэг өвс тэжээл, хүнсний тусамж илгээж байсан бол  2013 онд Алс дорнодод тохиолдсон үерийн гамшгийг арилгахад Монголын Засгийн газар 50 мянган долларын буцалтгүй тусламж үзүүлж байжээ. 2008-2015 онд онцгой байдлын 30 гаруй албан хаагч ОХУ-д суралцсан байна.

            Энэ мэтээр хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаа сайн хөгжиж байгаа. Гэхдээ  цаашид харилцаа хамтын ажиллагаагаа илүү хөгжүүлэх шаардлагатай байгааг шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ.  Тухайлбал манай улсын  хувьд  хойд хөршийн  тэргүүний технологиос суралцах, аврах гал унтраах тоног төхөөрөмжийн чадлаа бэхжүүлэх асуудлаар хамтран ажиллах, туслалцаа дэмжлэг авах сониорхолтой байгааг Шадар сайд илэрхийлсэн. Монголын талын саналыг дэмжиж хамтран ажиллана гэдгээ Оросын сайд хэллээ. Зөвхөн хоёр орны хэмжээнд төдийгүй дэлхий нийтийг  гамшгаас хамгаалах чиглэлээр У.Хүрэлсүх сайдын бага хурал дээр хэлсэн үг, тавьсан саналыг бүрэн дэмжиж, санал нэг байгаагаа иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайд Владимир Андреевич Пучков илэрхийлсэн юм. Мөн ”хоёр орны хувьд  байгалийн гамшиг, аж үйлдвэрийн ослын үед хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Шинээр хөдөө аж ахуйн салбар болон  халдварт өвчнөөс үүдэлтэй хор хохирлыг арилгах асуудал дээр хамтран ажиллая. Үер усны аюул, гал түймэр, газар хөдлөлт хил орчмын бүс нутагт гамшгаас сэргийлэх, хамгаалах чиглэлээр ч хамтрая” гэсэн саналыг  сайд Пучков тавьсан.

            “Хил орчмын бүс нутагт гамшиг осол болоход бие биендээ шуурхай тусалдаг байя.Ийм тогтолцоогоо нарийн тогтоё “ гэж хэлсэн. ОХУ-ын сайд Пучков ирэх 5 дугаар сард Москвад Монгол, Оросын аврагчдын хамтарсан сургуулилт хийхэд Шадар сайдыг хүрэлцэн ирэхийг урилаа. “Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллая. Өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрээ  дараагийн түвшинд гаргах цаг болсон” гэдгийг шадар сайд У.Хүрэлсэх хариуд нь хэллээ. Уулзалт хоёр орны нөхөрлөлийг дурссан халуун дотно уур амьсгалд өрнөсөн.  “Хүний амь аврахын төлөө явдаг онцгой байдлын салбарт ажиллана гэдэг бол эр зоригтнуудын ажил. Эх орон эр зоригтнууд  дээр тогтдог юм”  гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэлээд Оросын мэргэжил нэгтнүүдийнхээ цаашдын ажилд нь амжилт хүслээ.

scroll to top