Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын III бага хурал Япон улсын Сэндай хотноо үргэлжилж байна. Энэ хуралд оролцож буй Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Практис хөтөлбөрийн Хот суурин, хөдөөгийн ба нийгмийн хөгжлийн газрын ахлах захирал Эде Жорж Ижиаз-Васкустай уулзлаа. Дэлхийн банкнаас Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр Монгол улсад хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Шувууны болон хүний томуугийн тархалттай тэмцэх чадавхийг сайжруулах, Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх болон Улаанбаатар хотын үерийн эрсдлийн менежмент зэрэг төслүүд Дэлхий банкны тусламжтайгаар амжилттай хэрэгжсэнийг Шадар сайд онцлон хэллээ.
Өнгөрсөн оны 6-р сараас “Монгол улсын гамшгийн эрсдлийг бууруулах чадавхийг сайжруулах нь” төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд гамшгаас хамгаалах хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, гамшгийн эрсдлийн менежмент, тухайлбал сургуулиудын байшин барилгад гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх, гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа юм байна.
Төсөл хэрэгжээд удаагүй ч үр дүнгээ өгч байгааг шадар сайд үнэлээд, зарим төслийг илүү үр дүнд хүргэхийн тулд үргэлжлүүлэх, дараагийн шатны ажлыг нь эхлүүлэх шаардлагатай байгааг уламжилсан.
Тухайлбал Монгол улс 1.8 тэрбум төгрөгийн өртөгөөр газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хот болон түүний ойр орчимд 60 орчим газар хөдлөлтийн мэдрэгчийг суурилуулсан байна. Мөн гамшиг ослын үед иргэдэд зарлан мэдээлэл хүргүүлэх дуут дохио болон үгэн мэдээллийн самбарууд байрлуулж, онцгой байдлын үеийн шуурхай удирдлагын хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус төвүүдийг байгуулжээ. Цаашид зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй хүн ам олноор суурьшсан хот суурин газар, аймгийн төвүүдэд ч дээрх ажлыг хийх хэрэгцээ шаардлага бий.
Дэлхийн банкны зүгээс энэ чиглэлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлвэл талархан дэмжинэ гэдгээ Шадар сайд хэллээ. Ноён Эде Жорж дэлхийн банкны төсөл хөтөлбөрт Монгол улсыг хамруулах чиглэлд өөрийн боломжийн хэрээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.