1999 онд Монгол улс өмнөд хөрш БНХАУ-тай Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулжээ. Энэ хэлэлцээрийн дагуу хоёр орны Онцгой байдал, ой хээрийн түймэр хариуцсан байгууллагууд хамтран ажиллаж ирсэн.
2009, 2010 онуудад гэхэд Халх голын дархан цаазат бүсэд гарсан ой хээрийн түймрийг унтраах ажилд ӨМӨЗО-ны Хянган, Шилийн гол аймгийн Ой хээрийн түймрээс сэргийлэх газрын 200 гаруй албан хаагчид оролцсон байна. Энэ мэтчилэн хөрш залгаа орнуудад хамтарч гамшгийн эсрэг тэмцэх, гамшгийн хор хөнөөлийг арилгах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил цөөнгүй байгааг Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Иргэний хэргийн сайд Ли Лигуотой уулзах үеэрээ хэллээ.
Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож байгаа Шадар сайд У.Хүрэлсүх бага хурлын үеэр зарим улсын сайд, олон улсын байгууллагын удирдах албан тушаалтануудтай уулзасны нэг нь ноён Ли Лигуо байсан юм.
Гамшиг болсны дараа хор уршгийг арилгах, аврах, яаралтай тусламж үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь чухал ч гэлээ болж өгвөл гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах талаар иргэд олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, эрсдлийг бууруулах зэрэгт анхаарч ажиллах нь илүү чухал болохыг сайд нар уулзалтынхаа үеэр хөндөн ярилаа.
Монгол улс ойрын хугацаанд Эрэн хайх, аврах олон улсын дунд түвшний багтай болохоор зорьж байгаа. Харин Хятадын Эрэн хайх, аврах баг нь хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн чадавхийн хувьд дэлхийд дээгүүрт тооцогддог байна. Тиймээс хоёр орны онцгой байдлын байгууллагуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтэн солилцох талаар Шадар сайд У.Хүрэлсүх Хятадын сайдтай уулзахдаа ярилцжээ.