Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, аврагч гал сөнөөгчидтэй уулзаж, багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамжийн талаар ярилцлаа.
Мөн үеэр Э.Бат-Үүл Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадралтай уулзаж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах боломжуудын талаар бодлогын түвшинд уулзалт хийлээ.
Уг уулзалтаар Нийслэл хотын удирдлага, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хамтарч, нэгдсэн бодлого боловсруулж, тухайн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Аюулгүй хот, хөгжсөн хот гэдэг бол гамшгийн эрсдлийг даах чадвартай хот байх ёстой. Тиймээс энэ хоёр байгууллага нягт уялдаатай хамтран ажиллаж, барилга барих, газар олгохоос эхлээд бүх л үе шатанд Онцгой байдлын албаны мэргэжилтнүүдийг оролцуулж, эрсдлийн үнэлгээ хийлгэн, аюулгүй хотын төлөө хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл яриандаа дурьдаад, Онцгой байдлын албатай хамтрахгүйгээр хот байгуулалтын хөгжлийн асуудал яригдах боломжгүй хэмээн онцлон хэллээ.