Улаанбаатар хотод 1966 онд болсон аймшигт үерийн талаар ахмадууд дуу алдан ярьдаг. Судалгаагаар ийм төрлийн үер 50-100 жилд давтагддагийг мэргэжлийн хүмүүс тогтоожээ. Аймшигт үерээс хойш 50 жил өнгөрч байна. Өөрөөр хэлбэл, үер давтагдах он тоолол эхэлсэн гэсэн үг. Тэгвэл Улаанбаатар хот үерийн болзошгүй нөхцөлд бэлэн үү. Сүүлийн хоёр, гурван жилд жижиг үерийн давтамж нэмэгдэж байгааг мэргэжлийн хүмүүс халаглан ярьж байна. Гамшгийн үед эхний фронтод ажиллах онцгой байдлын албаныхан энэ чиглэлд хэрхэн ажиллаж байгааг тодруулж, Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Батсайхантай ярилцлаа.
-Нийслэлд сүүлийн хоёр жилд хэд, хэдэн үер боллоо. Ер нь үерийн давтамж нэмэгдээд байна уу даа. Үүнийг хүмүүс сайны дохио биш гэлцэж эхэллээ?
-Улаанбаатар хот Богд хаан, Чингэлтэй, Баянзүрх Сонгинохайрхан уулаас эх авсан 25 хуурай сайр болон гол мөрний амуудтай, Туул, Сэлбэ, Улиастай, Толгойтын голын бэлчир байршдаг учир үерийн аюулд өртөх магадлалтай. 2012 оноос хойш Улаанбаатарт үерийн нөхцөл байдал гурван удаа давтагдсан. Ер нь үер 50-100 жилийн давтамжтай болдог гэсэн судалгаа бий. Өнгөрсөн жилээс эхлээд олон жилийн дунджаас илүү хур бороо орж, усархаг жилийн эхлэл болох нь ажиглагдаж эхэлж байна. Сүүлийн жилүүдэд хотын хүн ам өсч, барилгажилтын нягтрал ихэссээр байгаа. Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд үерийн эрсдэлтэй газруудад олноор бууж байна. Үерийн аманд 2500 гаруй айл байгаа судалгаа гарсан. Тэдний 1759 нь зөвшөөрөлгүй газар бууж төвхнөсөн. Тиймээс бид Өмчийн харилцааны газартай хамтран айл өрхүүдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлж нүүлгэн шилжүүлэх шаардлага хүргүүлж, гамшиг осолд нэрвэгдэх нөхцлийг тайлбарлаж ухуулах ажлыг эхлүүлээд байна.
-Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд барилгажилт идэвхтэй байсныг та хэлж байна. Уулын ам, голын голдиролд хороолол, хотхонууд олноор баригдах болсон?
-Үерийн аюултай бүс болох Туулын хөндийд, ялангуяа Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутагт Туул голын хөвөөнд хамгаалалтын зоонуудад боссон хорооллууд байна. Тухайлбал, Их тэнгэрийн амнаас Яармагийн гүүр хүртэлх зайд найман том хороолол байна. Бид холбогдох албаныхантай хамтраад газрын зөвшөөрөл болон байгалийн эрсдэлтэй холбогдуулан үнэлэлт дүгнэлт өгч байгаа. Зарим зөвшөөрөлгүй баригдсан хорооллуудыг дахин төлөвлөлтөөс зураг төслийг нь хасуулж, байгалийн голдиролд оруулахаар нийслэлийэн Засаг даргаар шийдвэрлүүлэхээр судалж байна.
-Хот дотор борооны ус зайлуулах шугам, сүлжээ хангалтгүй байна уу?
-Үер уснаас хамгаалах болзошгүй нөхцөл байдал хотын дэд бүтцэд нөлөөтэй. Учир нь 57 цэгт 118.5 км далан байдаг. Мөн борооны ус зайлуулах 46.4 км урттай шугам бий. Хот доторх нийт замын 54.2 хувь нь ус зайлуулах боломжтой. Хөрсний усны төвшинг зайлуулах 13.4 км урттай ус зайлуулах далан сувагтай. Эдгээр нь 1966 оны үерээс хойш Улаанбаатар хотын дэд бүтцийн нөхцөл байдалд тохируулж л хийсэн. Тэр үед 500-600 мянган хүн амтай байсан. Гэтэл өнөөдөр 1.3 сая хүн амтай. Тиймээс болзошгүй үерээс урьдчилан сэргийлэхээр дэд бүтцийг шинэчилж, далан суваг шинээр байгуулж, инженерийн шугам сүлжээг бий болгох асуудлыг Хотын даргын зөвлөлийн хурлаар оруулсан. Удахгүй шийдвэр гарах байх.
-Гамшгийн үед иргэд юу анхаарах ёстой вэ. Та бүхэн үерийн аманд буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэхээс гадна өөр ямар ажил хийж байна?
-Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу үер усны эрсдэлтэй газарт буусан айл өрхийн судалгааг гаргаад даатгалд хамруулах асуудлыг шийлвэрүүлэхээр ажиллаж байна. Мөн гамшгийн эрсдлийн үнэлгээг хийлгэж, Үерийн эрсдлийн сан байгуулах боломжийг судалж байна. Ийм сан байгуулаад гамшгийг эрсдэл багатай даван туулахад ямар боломж байгаа чиглэлээр ажиллаж байна.Түүчнлэн сайн дурын даатгалын хэлбэрийг оруулах нь зүйтэй. Санхүүгийн зохицуулах хороотой судалж үзэж байж үерийн аманд бууж байгаа айлуудыг нүүлгэхээс гадна хуулийн дагуу гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх ямар боломж байгааг судалж байгаа.