Улс орны хэмжээнд гарч буй хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлж, үндэсний үйлдвэрлэгчид тусалж эхэллээ. Тэднийг түүчээлэн “Мах импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа, дэд захирал Б.Бадамаа, “Том бат жигнэмэг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дандар, “Милл Хаус” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Чинзориг нар 2015 оны 4-р сарын 17-ны 18.00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт ирж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв. Тус компаниудын нийт 2000 гаруй ажилчдын нэг өдрийн цалинтай тэнцэх буюу 50 сая төгрөгийн бараа бүтээгдхүүнийг эхний ээлжинд байдал хүнд байгаа зүүн гурван аймагт явуулахаар болсон байна. Үүнээс гадна хүн хүч, машин, техник хэрэгсэл гэсэн хоёр чиглэлээр туслахаар цуваа гарч байгаа аж. Энэхүү бараа бүтээгдхүүн, тусламжийг түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчид, нэрвэгдсэн ард иргэдэд хуваарилах, эдгээр компаниас очиж буй техник хэрэгсэл, хүн хүчийг зохион байгуулж хамтран ажиллахыг ОБЕГ-аас хүслээ. Мөн “Хаан хүнс”, “Нүүдэл Жи” , С1, Ардчилал сонины ажилчдын 20 сая төгрөгийн тусламж бэлэн болж байгааг илэрхийлсэн.
ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян сүүлийн үеийн мэдээлэл өгөөд, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг монголчуудын хэлдгээр ийнхүү үндэсний үйлдвэрлэгчид нийгмийн хариуцлагаа хүлээж буйд талархал илэрхийлэв.