“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС СЭРГИЙЛЭХ НЬ” судалгаа, шинжилгээний ажлын уралдаан

Монгол Улсын Засгийн газрын Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны тулгамдсан асуудлаар оюутан, судлаач, эрдэмтдийн дунд  “Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх нь” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдаан зарлаж байна.

Зорилго:

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж шинжлэх, үр дүнг орчин үеийн судалгааны арга зүй, загварчлал, программ хангамж ашиглан боловсруулалт хийж, дүгнэлт гаргах, асуудлыг шийдвэрлэх шийдэл, төсөл, санал боловсруулж, шинэлэг хандлага, санаачлага гаргаж тавихад оршино.

Уралдааны хугацаа:

2015 оны 4 дүгээр сарын 22-нны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 2 сарын хугацаатай.

Уралдааны зохион байгуулалт:

Уралдааныг дараах сэдвээр зохион явуулна. Үүнд:

  • Газар хөдлөлтийн зүй тогтол;
  • Газар хөдлөлт хот байгуулалт /дэд бүтэц/, төлөвлөлтөд нөлөөлөх нь;
  • Гамшгийн зарлан мэдээлэл, амжиж анхааруулах систем;
  • Барилгын чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлын үнэлгээ, дахин төлөвлөлт;
  • Гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа;
  • Газар хөдлөлтийн бодит байдлыг мэдрүүлэх дадлага сургуулилтын техник  хэрэгсэл, байгууламжийн технологи, шийдэл;
  • Гамшгаас хамгаалах техник  хэрэгсэл, технологийн шийдэл;
  • Гамшгийн үед ашиглах нөөцийн удирдлага, бүрдүүлэлт, байгууламж, техник хэрэгслийн технологийн шинэ шийдэл.
  • Бүтээлийг Онцгой байдлын ерөнхий газрын 208 тоот өрөөнд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.
  • 2015 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 10.00 цагаас Онцгой байдлын ерөнхий газрын Хурлын танхимд нээлттэй шүүн хэлэлцэж, судлаач, эрдэмтдийн шилдэг 3, оюутны шилдэг 3 бүтээлийг тус тус шалгаруулна. Бүтээлийг шүүн хэлэлцэхэд илтгэгч тус бүр 10 минутын хугацаанд багтаан бүтээлийн гол агуулга, судалгааны арга зүй, шинэлэг тал, судалгааны үр дүн, дүгнэлт, тулгамдсан асуудлыг шийдэх арга зам, санал, шийдлийг танилцуулна.

Шагналын сан:

Эрдэмтэн, судлаач:                                                             Оюутан:

1 дүгээр байр:           3.000.000 төгрөг                   1 дүгээр байр:                       1.200.000 төгрөг

2 дугаар байр:           1.500.000 төгрөг                   2 дугаaр байр:                          800.000 төгрөг

3 дугаар байр:           1.000.000 төгрөг                   3 дугаар байр:                          500.000 төгрөг

Тавигдах шаардлага:

  • Зарлагдсан сэдвийн хүрээнд тодорхой тулгамдсан асуудлын мөн чанарыг нээн илрүүлэх оновчтой үзүүлэлтээр судалгааг хийсэн байна. Судалгааны ажилд гадаадын тэргүүний арга ажиллагаа, загвар, техник технологи ашиглахыг урьтал болгохын хамт өөрийн шинэлэг санаа, санаачлага дэвшүүлсэн байх шаардлагатай.
  • Судалгааны материалыг программ хангамж, загварчлал ашиглан боловсруулснаар тодорхой үр дүнг гаргах, дүгнэлт хийх боломжтой байна.
  • Судалгааны ажлын үр дүн, дүгнэлт нь тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны талаас нь тодорхойлж, оновчтой шийдлийг гаргах урьтал нөхцлийг бүрдүүлсэн байна.
  • Бүтээл нь тулгамдсан асуудлыг шийдэх арга замыг тодорхойлсон санал, шийдлийг дэвшүүлсэн байна.
  • Уралдаанд ирүүлэх бүтээлд хуудасны тооны хязгаарлалт тавигдахгүй, Ариал фонтоор 12 хэмжээтэй бичвэртэй байна.
  • Бүтээлийн хамт товч агуулгыг 1-3 хуудсанд багтаан, хэлэлцүүлэгт тавих илтгэлийн хамт  ирүүлнэ.
  • Уралдаанд ирүүлэх бүтээл нь хэвлэн нийтлэгдээгүй, хурал зөвлөгөөнөөр хэлэлцэгдээгүй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: ОБЕГ-ын 208 тоот өрөө, 262340 утаснаас авч болно.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ЗӨВЛӨЛ

scroll to top