БАТЛАВ. МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ХУУЛЬ ЗҮЙН САЙД У.ХҮРЭЛСҮХ Д.ДОРЛИГЖАВ ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Нэг. Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

 

Монгол оронд тохиолдох байгалийн аюулт үзэгдэл, технологийн болон үйлдвэрлэлийн осол, гамшгийн төрөл, тэдгээрийн давтамж, учруулж байгаа хохирлын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Улс орны гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах удирдлагын тогтолцоог нэгдмэл, үр нөлөөтэй, боловсронгуй болгох чиглэлээр эрх зүй, удирдлага зохион байгуулалтын шинэчлэлийг эрх зүйн хүрээнд хийх шаардлага зүй ёсоор гарах боллоо. Нөгөө талаар одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа гамшгаас хамгаалах хуулиудыг гамшгаас хамгаалах олон улсын жишиг, хандлагад ойртуулахад хуулийн шинэчлэлийн гол агуулга чиглэгдэнэ.

Мөн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын уялдаа, холбоог сайжруулж, ажил үүргийн давхцал хийдлийг арилгаж харилцан зохицуулалт хийх механизмыг боловсронгуй болгоход чухал алхам болно гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж, Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан  “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.5-д “Байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдлийг бууруулах нь хүний эрүүл оршин амьдрах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үндэс мөн”, 3.4.3.1-д “Иргэдийн амьдрах, ажиллах орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний аюулгүй байдлыг баталгаажуулах чухал үндэс болно”, 3.5.5.2-т “Гамшгийн менежментийн тогтолцоог бэхжүүлж эмзэг байдлыг бууруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулж, төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангаж ажиллах нөхцлийг бүрдүүлж, чадавхийг бэхжүүлнэ”, 4.1.2-т “Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог нэгдмэл, үр нөлөөтэй, боловсронгуй болгох чиглэлд шаардлагатай эрх зүй, удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл хийнэ” гэж, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 7.1-д “төрийн үйлчилгээг хүртээмжтэй, ил тод болгох, хүний эрхийг баталгаатай хангах, нийгэм дэх аюулгүй орчныг бий болгох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно” гэж тус тус заасан.

 

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын  2011 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого”-ын үндсэн чиглэлийн 2.3-т “Гамшгийн нэр томьёоны ойлголт, төрийн болон хувийн хэвшлийн гамшгаас хамгаалах чиг үүрэг, тогтолцоо, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.” гэж заасан бөгөөд мөн тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 3.3.1-д “Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах”, 3.3.4-т “гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах эрх зүйн орчныг бий болгох” гэж тусгасан юм.

2015 онд дэлхийн 189 улс нэгдэн баталсан 2015-2030 оны “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайгийн үйл ажиллагааны хүрээ” баримт бичигт “Гамшгийн улмаас хүний амь нас, амжиргаа, эрүүл мэнд, эдийн засаг, нийгэм, дэд бүтэц, соёл, хүрээлэн буй орчинд учрах хохирлыг улс орон, орон нутаг, албан байгууллага, ард иргэдийн түвшинд багасгах, гамшгийн эрсдэлийг эрс бууруулах”, “Гамшигт өртөх эмзэг байдлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг бууруулах чиглэлээр эдийн засаг, дэд бүтэц, нийгэм, эрх зүй, эрүүл мэнд, соёл, боловсрол, хүрээлэн буй орчин, технологи, институц, улс төрийн арга хэмжээг нэгдмэл байдлаар авч хэрэгжүүлэх замаар цаашид шинээр үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, одоогийн тулгарч байгаа гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийн арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд гамшгийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх” гэсэн тэргүүн зорилтыг дэвшүүлсэн байна.

 

Монгол Улсын Их Хурал 2003 онд Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталж, 2005, 2007, 2011, 2012 онуудад нийт 5 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Хуулийн зүйл, заалтуудын агуулгыг дээр дурьдсан баримт бичгүүд болон НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын багаас Монгол Улсын гамшгийн бэлэн байдлыг үнэлж гаргасан зөвлөмжтэй харьцуулан шинжлэхэд хуулийн нэр томьёоны тодорхойлолт дутуу, зарим нэр томьёоны тодорхойлолт нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголтод нийцээгүй, гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагааны үе шатыг бүрэн тодорхойлоогүй, гамшгаас хамгаалах үндэсний удирдлага, зохицуулалтын эрх зүйн үндэслэлийг бүрэн гаргаж чадаагүй,  гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжтай холбогдсон харилцааг огт зохицуулаагүй орхисон байна.

 

Иймд гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нэн шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах, нэр томьёог зөв тодорхойлох, түншлэл, хамтын ажиллагааны удирдлага, зохицуулалтын үндэсний механизмын эрх зүйн үндсийг бүрдүүлэх, зөвхөн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохицуулсан хууль болгон шинэчлэн найруулах шаардлага урган гарч байна.

 

Түүнчлэн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхой хуульчлаагүйгээс төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжид энэ ажил орхигдоход хүрч байгаа нь практик амьдралаас харагдсан тул болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог тодорхой болгон хуульчлах шаардлагатай байгаа болно.

 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн зүйл, заалтын 20 хувь нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, алба хаагчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны асуудлыг тусгасан байх тул эдгээр харилцааг тусад нь бие даасан хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Хоёр. Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ, ерөнхий бүтэц

 

 Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, сэргээн босгох ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

 

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгана:

 

1/“гамшиг”, “осол” зэрэг нэр томьёоны тодорхойлолтыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн томьёолох, “гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагаа”, “гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажиллагаа”, “эрэн хайх, аврах ажиллагаа”, “гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаа”, “сэргээн босгох ажиллагаа” зэрэг гамшгаас хамгаалах чиг үүрэг болон олон улсын хүмүүнлэгийн тусламжтай холбоотой нэр томьёоны тодорхойлолтыг нэмж оруулах буюу өөрчлөн томьёолох;

 

2/Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, чиглэл тус бүрд холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгах.Тухайлбал, Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үндсэн чиглэл нь гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагаа байх бөгөөд гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагааны хүрээнд:

 

– гамшгийн эрсдэлийг тогтоох, үнэлэх;

-гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх;

-гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх;

-гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах;

-гамшгаас хамгаалах хяналтыг хэрэгжүүлэх;

-гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааг зохион байгуулах;

-гамшгийн мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа, шинжилгээ хийх;

-гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгийн сан бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг тусгах;

 

3/Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, аж ахуйн нэгж, байгууллага  харьяалал, өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран гамшгийн эрсдэлээ тодорхойлж,  гамшгийн эрсдэлийн үнэлгээг зохих тусгай  зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр хийлгэдэг байх;

 

4/Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, аж ахуйн нэгж, байгууллага  харьяалал, өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран гамшгаас хамгаалах үйл ажиллагаагаа төлөвлөж байх;

 

5/Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албад, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийн ялгааг нарийвчлан заах;

 

6/Гамшгийн хор уршиг, хохирлын үнэлгээ хийхтэй холбоотой асуудлыг шинээр оруулж, аврах ажиллагааны зарим бүрэлдэхүүн хэсгийг тодотгох;

 

7/Гамшгийн дараах сэргээн босгох ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг тусгах. Сэргээн босгох ажиллагаа нь нийгмийн бүтэц, үйлчилгээг сэргээн босгох, дэд бүтцийг сэргээн босгох гэсэн чиглэлтэй байх ба сэргээн босгох урт хугацааны арга хэмжээ нь улс, орон нутгийн хөгжлийн бодлого, зорилтод нийцсэн байх;

 

8/Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс үзүүлэх тусламж, дэмжлэг, түүнчлэн олон улсын хүмүүнлэгийн тусламжтай холбогдсон зохицуулалтыг тусгах;

 

9/Гамшгаас хамгаалах чиглэлээр үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаад харилцаа, түншлэл, хамтын ажиллагааг улсын хэмжээнд бодлого, зохицуулалтаар хангах, үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Гамшгаас хамгаалах үндэсний зөвлөлийг, аймаг, нийслэл, дүүрэгт гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах удирдлага, зохицуулалтыг хариуцах чиг үүрэг бүхий гамшгаас хамгаалах орон нутгийн зөвлөлийг байгуулах;

 

9/засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тэдгээрийн хүн ам, эдийн засаг, нийгэм, газарзүйн онцлог зэргээс хамааруулж гамшгаас хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны ажилтантай байх.

 

10/Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын торгох шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх.

 

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар

 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн төсөл батлагдсанаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн орчин боловсронгуй болж, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах таатай нөхцөл бүрдэнэ.

 

Түүнчлэн гамшгаас хамгаалах /гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох цогц арга хэмжээ/, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, түүнийг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн дараах эерэг үр дагавар гарна гэж тооцож байна:

 

1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохицуулалтын механизм боловсронгуй болж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо нэмэгдэнэ.

 

2.Гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх ажиллагаа эрчимжиж, гамшгийн эрсдэл буурна.

 

3.Гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, түүнийг зохицуулахтай холбогдон үүсэх харилцаанд тулгамдаж байгаа доголдолтой тал арилна.

 

Уг хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тооцох болно.

 

Дөрөв. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар

 

Энэ хуулийн төсөл батлагдсанаар 2003 онд баталсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах ба Онцгой байдлын албаны тухай хуулийн төслийг боловсруулах болно.

 

 

 

 

 

—оОо—

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

scroll to top