Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ОБЕГ, НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газар хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ба тогтвортой хөгжил хоорондын уялдаа холбоог сайжруулах нь” сэдэвт өндөр түвшний хөгжлийн хэлэлцүүлэг хийж байна.
Хэлэлцүүлэгт МУ-ын Их хурал, Засгийн газрын гишүүдээс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч хатагтай Маргарета Волстром хүрэлцэн ирсэн, Монгол дахь суурийн зохицуулагч Сезин Синаноглу нарын өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.
Эдүгээ дэлхий дахинд эдийн засгийн алдагдал жил бүр дунджаар US$250-US$300 тэрбум долларт хүрч байна. Уур амьсгалын эрсдэл, байгаль орчны доройтлоос үүдэн Ази, Номхон далайн бүс нутагт нэн эмзэг байдлын хэмжээ, гамшигт өртөх байдал зэрэг нь ирэх 10 жилд их хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн тооцоо харагдаж байна. Өсөн нэмэгдэж буй хүн амын нягтаршил, зохион байгуулалтгүй хотжилт, экосистемийн доройтлоос болж зарим орнуудад нөхцөл байдал улам хүндэрч байна. 2015 оны 3 сарын 18-ны өдөр дэлхийн 187 орны төлөөлөл “Гамшгийн эрсдэлийг 2015-2030 онд бууруулах Сэндайн хүрээг” (SFDRR) баталсан. Энэ нь 2015 оноос хойшхи Хөгжлийн Хөтөлбөрийн анхны томоохон гэрээ болж байна. Баримт бичгийн хүрээнд хамтран ажиллагч талуудын оролцоо бүхий гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл гэх мэт зохицуулах форумыг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулж, бэхжүүлэх үүргийг Засгийн газруудад өгсөн юм.
Монгол Улс бол өргөн уудам нутагтай, байгаль орчны олон төрөл зүйлс, эрс тэс уур амьсгалтай орон юм. 2009-2010 оны гамшигт зуд энэ орны эмзэг байдлыг харуулж, гамшгийн шуурхай бэлэн байдал, эрсдэлийг бууруулах, иргэний нийгэм болон хувийн сектор зэрэг бүх түвшинд уян хатан байдал бий болгох шаардлагатай байгааг дахин нотолсон юм. Эрс тэс уур амьсгалаас гадна Монгол бол газар хөдлөлт, үер болон бусад байгалийн гамшигт өртөмхий орон. Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг салбарын бодлого, хөтөлбөрт уялдуулах шаардлага Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл болон тодорхойлогдсон. Байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт нь тогтвортой хөгжлийн гурван тулгуур багана болох нийгэм, эдийн засаг, дэд бүтэцийн хөгжилд аюул заналхийлж байна. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжлийн уялдаа холбоо бүхий бодлого, хөтөлбөр байхгүй аваас урт хугацааны хөгжлийн ахиц дэвшилд хүрэх боломжгүй юм.
Монгол Улсын Засгийн газар гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндай хүрээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үндэсний механизмаа бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Энэ цаг мөчид Монгол улс урт хугацааны хөгжлийн цогц бодлогоо тодорхойлж, Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэх шатандаа явж байна.
Энэ удаагийн өндөр түвшний хэлэлцүүлгээр гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг үндэсний хөгжлийн бодлогод тусгах, гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний платформ байгуулах чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэн өрнүүлэх асуудлыг авч хэлэлцэж байна.
Нэг өдрийн энэхүү хурал нь хоёр хэсэгт хуваагдана. Эхний хагаст гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайн хүрээний баримт бичгийг олон талт, салбар дундын хамтын ажиллагаа, нэгдмэл бодлогоор хэрэгжүүлэх “Хөгжлийн бодлогын” хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгийг ярилцлага, мэтгэлцээн хэлбэрээр зохион байгуулна.
Энэхүү хэлэлцүүлгийн дараа хурлын хоёрдугаар хэсгийг НҮБ-ын суурин төлөөлөгчийн байранд төр, захиргааны болон олон улсын байгууллагуудын дунд зохион байгуулах бөгөөд гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайн хүрээ баримт бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбаруудын үйл ажиллагааг нэгдмэл бодлогоор уядуулан зохицуулах Үндэсний зөвлөл байгуулах шаардлага, механизмыг тодорхойлох болно.
Үндсэн оролцогчид нь УИХ, ЗГ, яам, агентлаг, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл байна.
Онцгой байдлын ерөнхий газар