МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД У. ХҮРЭЛСҮХ

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХ НЬ”  ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

Эрхэм УИХ, ЗГ-ын гишүүдээ,

Эрхэмсэг хатагтай Маргарита Волстром,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хадагтай, ноёд оо!

Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

Монгол Улсын Шадар сайдын урилгыг хүлээн авч, албан айлчлал хийж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч, НҮБ-ын гамшгийн аюулыг бууруулах газрын захирал, хатагтай Маргарита Волстром танд талархал илэрхийлье!

Мөн бид бүхний урилгыг хүлээн авч энэхүү хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Улын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлага, албан хаагчид, олон улсын болон эрдэм шинжилгээ, боловсролын байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл та бүхэнд талархалаа илэрхийлье!

Хэлж ирдэггүй, хийсч ирдэг байгалийн гэнэтийн аюулт үзэгдэлд ямар бэлтгэлтэй байх вэ, түүнийг бид хэрхэн гэтлэн давах вэ гэдэг асуудал хүн төрөлхтний бүхий л үеийн түүхэд байсан. Одоо ч мөн байсаар л байна.

Энэхүү чухал асуудлын хүрээнд ярилцаж, тодорхой шийдэлд хүрэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг хийхээр бид энд хуран цуглараад байна.

Өнөөдөр бид 2015-2040 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн цогц бодлогоо ярилцаж төлөвлөж байна. Гэвч хөгжлийн үйл явц бүр өөрийн гэсэн эсрэг хүчин зүйлтэй байнга тулгарч байдаг.

Аливаа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшил, ололт амжилт нь хүний болон хүний оролцоогүйгээр үүсч болох аюул занал доор үргэлж байсаар байдаг. Эдгээр аюул заналын тод жишээ бол байгалийн аюулт үзэгдэл, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг юм.

Газар хөдлөх, галт уул дэлбэрэх, ган зуд болох, олныг хамарсан өвчин тахал гарах, ус үерийн гамшиг нүүрлэх зэрэг байгалийн гамшигт үзэгдэл нь улс орны олон зуун жилийн хичээнгүй хөдөлмөр, оролдлого, хичээл зүтгэлийг ганцхан хормын дотор сүйрүүлж, олон хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг устгаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хэдэн арван жилээр хойшлуулсан түүхийн олон жишээ баримт байдаг.

Тиймээс бид өнөөдрийн энэ түвшинд хүрсэн хөгжил, дэвшлийг хэрхэн тогтвортой байлгах, цаашид яаж хөгжүүлэх, хөгжил цэцэглэлтэд ямар хүчин зүйл саад болох, сүйрүүлэх, тэдгээрийг хэрхэн багасгах, арилгах талаар бүхэлд нь ярилцаж тодорхой шийдэлд хүрэх цаг нь болжээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд гамшгийн улмаас 700 гаруй мянган хүн амь насаа алдаж, 1,4 сая гаруй хүн гэмтэж бэртэн, 23 сая орчим хүн орон гэргүй болсон байна. 1,5 тэрбум гаруй хүн гамшигт ямар нэг байдлаар нэрвэгджээ. Нийт учруулсан хохирлын хэмжээ нь 1,3 их наяд ам.доллар болжээ.

Өнгөрсөн арван жилд Монгол Улсад ойролцоогоор 33 мянга орчим байгалийн  аюулт үзэгдэл, осол тохиолдож,  2237 хүний амь нас эрсдэн,  12,1 сая мал хорогдож, нийт учруулсан шууд хохирлын хэмжээ 1 их наяд 70 тэрбум төгрөг буюу 600 орчим сая ам.долларт хүрсэн байна.

Энэ хохирлын хэмжээ нь одоогийн зах зээлийн үнэлгээгээр орчин үеийн иж бүрэн тоноглосон 200 хүүхдийн цэцэрлэг 260 гаруйг барьж байгуулах хөрөнгө юм. Мөн Онцгой байдлын алба жилд дунджаар 865 хүний амь нас, 11,9 тэрбум төгрөгийн эд хөрөнгө авран, хамгаалсан статистик тоо байна.

2015 он гарсаар нийт 1692 удаагийн обьектын гал түймэр, 16 аймаг, орон нутгийн 71 сум, дүүргийн нутаг дэвсгэрт нийт 127 удаагийн ой, хээрийн түймэр гарч 26 хүн нас барж, 22 түлэгдэн гэмтэж, 44 айлын гэр шатаж, иргэд болон улс оронд ихээхэн хэмжээний хохирол учирсан байна. Үүний хор уршийг арилгах, тэмцэх, сэргээн босгох ажилд Засгийн газрын нөөц сангаас 1.8 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө, мөнгө гаргаад байна.

Энэ оны 4, 5 сард Монголын зүүн бүсийн 3 аймгийн нутаг  дэвсгэрийг хамарсан ой, хээрийн түймрийн аюул олон айл өрхүүдийг гэр оронгүй болгож, амьдралын эх үүсвэр болсон мал аж ахуйгаас нь салгаж, хүнд зовлон амссаныг бид бүгдээрэй сонсож, харж, мөн чадах чинээгээрэй тэдэндээ туслацгааж байна. Гэсэн хэдий ч байдал хүндхэн байсаар байна.

Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ энэ оны 4 дүгээр сард Непаль Улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн талаар мэдэж байгаа.

Тэгвэл Монгол Улс тэр дундаа нийслэл Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршин байна.

Одоогоор улсын хэмжээнд 656 сургууль, 686 цэцэрлэг, 512 эмнэлэг, 401 театр, соёлын төв, музей, нийтийн номын сан, биеийн тамирын ордонгийн барилгад ашиглалтын төлөв байдалд хяналт, үзлэг хийгээд байна.

Үүнээс газар хөдлөлтийн тэсвэрлэх чадвар буурсан 78 сургууль, 103 цэцэрлэг, 146 эмнэлэг, 194 театр, соёлын төв, музей, нийтийн номын сан, биеийн тамирын ордонгийн барилга байгаа нь Монгол Улс газар хөдлөлтийн ямар эрсдэлд дунд байгааг тодорхой харуулж байна.

Цаашид ч дэлхийн хэмжээнд болон манай улсын хэмжээнд  учирч болох байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэх хандлагатай байгааг судалгааны байгууллагууд бидэнд сануулсаар байгааг энд цохон тэмдэглэж байна.

Авран жилийн өмнө Япон Улсын Кобе хотноо 2005-2015 онд гамшгийн аюулыг бууруулах “Хёогогийн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэлэлцэн баталсан.  Энэхүү баримт бичигт тусгагдсан:

–       Дэлхий дахинд нэмэгдэж буй гамшгийн аюулаас хүн ам, хөгжлийн ололт амжилтыг хамгаалах,

–       Гамшигт тэсвэртэй нийгэм-эдийн засгийн тогтолцоог бий болгох,

–       Гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах үйл ажиллагааг дэлхийн нийтээрээ хэрэгжүүлэх зорилтууд зохих үр дүнгээ өглөө.

2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Япон Улсын Сэндай хотод “Гамшгийн эрсдэлийг бууруулах” дэлхийн  3 дугаар бага хурал хуралдлаа. Хуралд дэлхийн 187 орон, 200 гаруй олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

Тус хурлаар  “2005-2015 оны Гамшгийн эрсдэлийг бууруулах Хёогогийн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжүүлэх чиглэлээр улс орнуудын төр, засаг, олон улсын байгууллагуудаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тайлан, үр дүнг хэлэлцэн, дараагийн шатны 2015-2030 он хүртэлх “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайгийн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэлэлцэн баталсан билээ.

Энэхүү баримт бичигт дэлхийн бүс нутгийн, улсын болон орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх дараах 4  үйл ажиллагааны чиглэлийг  баталлаа. Үүнд:

1. Гамшгийн эрсдэлийн ойлголтыг бэхжүүлэх,

2. Гамшгийн эрсдэлийг удирдах засаглалыг бэхжүүлэх,

3. Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,

4. Гамшгийн хор уршгийг үр дүнтэй арилгахад гамшгийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх, гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагаанд “Сайжруулан барьж байгуулах” зарчмыг баримтлана гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын санал санаачлагаар  тус хурлын баримт бичигт  үндсэн 5 чиглэлийн асуудлуудыг тусгасан юм. Үүнд:

  1. Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаан дахь хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын асуудлыг чухалчлах;
  2. Эмэгтэйчүүд болон нийгмийн эмзэг бүлгийнхний гамшигт өртөмтгий байдлыг бууруулах;
  3. Олон нийтийг аюулгүй амьдрах уламжлалт арга ухаанд сургах, гамшгаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, ур чадвар олгох боловсролын тогтолцоог бэхжүүлэх;
  4. Гамшгийн удирдлага, тогтолцооны захиргааны болон санхүүгийн засаглалыг төгөлдөржүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  5. Тогтвортой хөгжлийн зорилтууд, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаа болон гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг нягт уялдуулан төлөвлөх нь “2015 оноос хойшхи үйл ажиллагааны цар хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийг хангах үндсэн суурь болох ёстой гэдгийг зааж өгсөн юм.

Одоо та бүхнийг Монгол Улсын зүгээс гамшигтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний тухай асуудалд анхаарлаа хандуулахыг хүсье.

2000, 2002 онуудад Монгол Улсад тохиолдсон зудын гамшгийн дараа НҮБ-ын гамшгийн үнэлгээний багийн өгсөн зөвлөмжийн хүрээнд 2003 онд Монгол Улс одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталж, 2004 онд Гамшгаас хамгаалах газар болох одоогийн Онцгой байдлын албыг байгуулсан.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан  “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, 2011 оны 22 дугаар тогтоолоор баталсан “2011-2020 онд Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого”-д  төрийн болон хувийн хэвшлийн гамшгаас хамгаалах чиг үүрэг, тогтолцоо, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, гамшгийн аюул, эмзэг байдал, гамшигтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх талаар тодорхой зааж, холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд эдийн засаг, нийгмийн салбарыг нийцүүлэн хөгжүүлэх, түүний эмзэг байдал, эрсдэлийг бууруулах, хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах замаар үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор 2011 онд Улсын Их Хурлаар “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг баталсан билээ.

 Цаашид онцгой байдлын албыг улам бэхжүүлэх, одоогийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна. Тийм ч учраас дараах эрх зүйн өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байна. Үүнд:

1. Галын аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-д өргөн бариад байна. Энэхүү хуулиар галын аюулгүй байдлыг хангахад төр захиргааны байгууллага, төрийн бус болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох юм. 

2. Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлээд байна. Хуулийн шинэчилсэн найруулгаар гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай гүйцэтгэх, гамшгийн дараах олон улсын болон хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, тэдгээрийн удирдлагын тогтолцоо, эрх үүрэг, хариуцлагыг цогцоор нь хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ач холбогдолтой.

3. Онцгой байдлын албаны тухай хуулийн төслийг боловсруулан холбогдох яамд болон төрийн бус байгууллагуудын саналыг авч нэгтгэх ажил дууслаа. Тус хуулийн төсөлд гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллагын бүтэц, тогтолцоо, байгууллагын эрх үүрэг, албан хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг хуульчлан зохицуулж, онцгой байдлын албаны болон аврагч, гал сөнөөгчдийн ажил, үүргээ гүйцэтгэх чавахийг бэхжүүлэх үндсэн зорилтууд туссан болно.

4. Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулаад байна. Олон нийтийн оролцоо нь гамшгийн эрсдэлийг бууруулах хамгийн том хүч, тулгуур юм. Ялангуяа нутгийн иргэдэд түшиглэсэн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэх, бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулан олон нийтийн гамшгийн аюул, эрсдэлийн талаарх ойлголт мэдлэгийг сайжруулах, өөрийгөө болон өрөөлийг авран хамгаалах арга ухаанд сургах асуудал нь энэхүү хөтөлбөрийн үндсэн чиглэл болно.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр тодорхой амжилт гаргаж, чамлахааргүй мэдлэг, туршлагыг хуримтлуулсан.

Гэсэн хэдий ч дэлхийн уур амьсгалын өөрчлөлт,  даяарчлал, үйлдвэржилт, хүн амын нягтрал, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаагийн улмаас Монгол Улс төдийгүй бүс нутагт тохиолдох байгалийн гамшиг, давтамж, хамрах цар хүрээ, нийгэм-эдийн засагт учруулах хохирлын хэмжээ ихэсч байгаа нь бид бүхний сэтгэлийг ихээр түгшээж байна.

Үнэнийг хэлэхэд бодит байдалд байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эсрэг  Монгол Улсын бэлэн бус байна.  Дараах тоо баримтад анхаарлаа хандуулахыг хүсье.

Монгол Улсад мөрдөж байгаа “Гал унтраах анги, хэсэг, аврах нэгжид тавих шаардлага” стандартаар 4000-с дээш хүн амтай сум, суурин бүрт 1 , төвлөрсөн хот сууринд 8000 хүн ам тутамд 1 гал унтраах аврах анги байхаар заасан байдаг.

Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын 328 сумаас 10 суманд гал унтраах, аврах нэгжтэй байна. Бусад 318 суманд байхгүй байна.

Мөн Онцгой байдлын албаны хэмжээнд аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хангалт ердөө 23 хувьтай байна.

Эдгээр байдал нь эрэн хайх, аврах, гал унтраах ажиллагааг хурдан, шуурхай, оновчтой гүйцэтгэх боломжийг бууруулах, гамшиг, учруулах хохирлыг нэмэгдүүлэх, аврагч, гал сөнөөгчийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх зэрэг хүндрэл учирч байна.

Судалгаагаар олон улсын стандартад нийцсэн хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, эрэн хайх, аврах, гал унтраах ажиллагааны шаардлагатай багаж хэрэгсэл, техник, төхөөрмжийн чадавхийг бүрэн хангахад манай онцгой байдлын албанд нийт 240.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн эдийн засгийн тооцоо гарсан байна. Зочид, төлөөлөгчид өө,

Тулгамдаж буй асуудал их байна. Улс орны эдийн засаг сайн биш байна. Мөнгө санхүүгийн хувьд дутагдаж байна. Байдал хүнд байгаа гэсэн хэдий ч бид шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх үүрэгтэй.

Ийм нөхцөл байдалд бидний салбар хоорондын үйл ажиллагаа, харилцан ажиллагааны уялдааг бэхжүүлэх явдал туйлын чухал болохыг энд онцлон тэмдэглэж байна.

Уялдаа холбоо сайтай, хамтран ажиллаж чадсанаар аливаа учирч болох эрсдэлийг тэр хэмжээгээр бууруулж чадна гэж үзэж байна.

2015-2030 он хүртэлх Сэндайн баримт бичгийн зорилго, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа дахин илэрхийлье.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, төлөвлөлтөд салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, зохицуулах, хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах, гамшгийн эрсдэлийг бууруулах зорилго бүхий өнөөдрийн энэхүү хэлэлцүүлэгт идэвхи, санаачлагатай оролцохыг та бүхнээс хүсье.

Бид бүхэн нэг зорилго, нэг үзэл санаанд нэгдэн гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог боловсронгуй болгох, бүх нийтэд хүртээмжтэй түгээхийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

НҮБ-тай хамтран зохион байгуулж буй гамшгийн эрсдэлийг бууруулах,  уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах энэхүү зөвлөлгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Дахин хэлэхэд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэмсэг хатагтай Маргарета Волстром танд болон дагалдан яваа албаныханд Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

scroll to top