Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч хатагтай Маргарета Волстром нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр Шадар сайд У. Хүрэлсүх Монгол улсад зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ба тогтвортой хөгжил хоорондын уялдаа холбоог сайжруулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийн ач холбогдлыг дүгнэн хэлсэн. Тэрбээр зүүн аймгуудад гарсан түймрийн дараа энэхүү өндөр түшний хэлэлцүүлэг болж, хатагтай Маргарета Волстром өөрийн биеэр оролцож байгаа нь НҮБ өндөр ач холбогдол өгч буйн нотолгоо юм гээд, үндэсний платформыг байгуулснаар гамшгийн эрсдэлийг бууруулахад Засгийн газрын түвшинд, бүх шатанд уялдаа холбоо бий болгож, өргөн хүрээг хамарсан цогц бодлого, үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ гэсэн.
Мөн үеэр хатагтай Маргарет Волстром сэтгүүлчдэд хандан асуулт тавьсан нь хэвлэлийн хурлыг сонирхолтой болгосон. Тэрбээр хэвлэл мэдээллийнхэн гамшгийн эсрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон нийтэд мэдээлэл түгээх, тэднийг соён гэгээрүүлэх том хүч юм. Хэрэв энэ чиглэлээр ажилладаг бол гамшгийн эсрэг дэлхий нийтийн үйлст хувь нэмэр оруулж байгаа хэрэг гээд ОБЕГ-тай хамтран сургалт зохион байгуулах боломжтой тухай дуулгасан.