Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар урсгал усанд эрэн хайх аврах ажиллаганы дадлага сургуулийг Гачууртын Туул голд зохион байгуулж байна. Дадлага сургуульд Нийслэлийн Аврах анги, Багануур, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 50 гаруй албан хаагч хамрагдаж байна. ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян аврагчдын дадлага сургуулийн явцтай биечлэн танилцсан.
Аврагчдад завь сэлүүрдэх, залах, завь тогтоох дадлага, завь хөмрөх үеийн бүлгийн ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, усанд осолдож болзошгүй байгаа хүнд аврах цагираг шидэж өгөх дадлагыг олгоно.
Мөн урсгал усны эрэн хайх, аврах ажиллагаа явуулах арга техник, усны мотоцикль ажилд бэлтгэх, усанд жолоодох дадлага, шумбагчийг бэлтгэх, шумбалт хийх, шумбалтын хэрэгслийг хэрхэн бэлтгэх, урсгал усанд сэлэх зэрэг онолын болон практик дадлагыг эзэмшүүлэх юм. Дадлага сургууль 3 хоног үргэлжилнэ.