Нэгдсэн үндэстний байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Тайландын Вант Улсын Бангкок хотноо 2015 оны 06 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд “2015 оны Азийн түншлэл хамтын ажиллагааны анхдугаар форум”-ыг амжилттай зохион байгууллаа.
Форумын зорилго:
2015 оны Азийн түншлэл хамтын ажиллагааны форумын зорилго нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах” Дэлхийн 3 дугаар хурлаар батлагдсан “2015-2030 он хүртэлх Сендайн үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэхэд Азийн бүс нутгаас баримтлах бодлого, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулахад баримтлах чиглэл, олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн дэмжлэг, оролцоог хэрхэн хангах талаар хэлэлцэхэд оршиж байсан.
Тиймээс энэ удаагийн Азийн түншлэл хамтын ажиллагааны форум нь Сендайн үйл ажиллагааны хүрээг бүс нутаг, улс үндэстний түвшинд ямар бодлого, стратегийн хүрээнд, ямар төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх талаар голлон хэлэлцсэн.
Форумд оролцогчид:
Тус форумд 17 улс орон (Бангладеш, Бутан, Камбожи, БНХАУ, Энэтхэг, Индонези, Япон, Малайз, Малдив, Монгол, Мьянмар, Пакистан, Филлипин, Шри Ланка, Тайланд, Тимор-Листи болон Вьетнам), НҮБ-ын 5 төрөлжсөн байгууллага, олон улсын 30 гаруй байгууллагын нийт 100 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон.
Форумд хэлэлцсэн үндсэн асуудлууд:
Форумаар 2015-2030 он хүртэлх Сендайн үйл ажиллагааны хүрээг бүс нутаг, улс үндэстний түвшинд хэрэгжүүлэх зорилгоор дараах үндсэн асуудлуудыг хөндөж хэлэлцлээ.
Үүнд:
- 2015 оны Дэлхийн гамшгийн үнэлгээний тайлан (GAR-2015);
- Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх Азийн бүс нутгийн бодлогын удирдамж;
- Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх Азийн бүс нутгийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө;
- Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 6 дугаар хурлын зохион байгуулалт, хөтөлбөрийн тухай;
- Гамшгийн эрсдэлийг бууруулахад хувийн хэвшлийнхний оролцоог дэмжих нь;
Форумын үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ:
Дээр дурьдсан асуудлуудыг хэлэлцэж дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр хуралд оролцогч талууд тохиролцлоо.
Үүнд:
– Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас боловсруулсан зааврын дагуу Улс орон бүр одоогийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны талаарх тайлангаа 2015 онд багтаан гаргах;
– Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендай үйл ажиллагааны хүрээг улс үндэстний түвшинд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах загварыг боловсруулах;
– Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендай үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх Азийн бүс нутгийн бодлогын удирдамжийг эцэслэн боловсруулж, улс орнуудад хүргэх;
– Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын уулзалтыг 2016 оны 09 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Энэтхэг Улсад зохион байгуулах, түүний бэлтгэлд ажилд улс орон, олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийг идэвх, санаачлагатай оролцуулах, дэмжлэг үзүүлэхээр талууд амлалт өглөө.
Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газар