– Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах Ази, номхон далайн бүсийн сургалт, дадлага сургуулийн нээлт өнөөдөр ОБЕГ-т боллоо. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын шадар сайдын зөвлөх Н.Энхтайван, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Сезен, Синаноглу нар үг хэлж нээлээ.
Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг / INSARAG- International Search and Rescue Advisory Group/ НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газар, Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Ази-Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах сургалт, дадлага сургуулийг” 2015 оны 06-р сарын 22-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Тус дасгал сургуулийн зорилго нь Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн гарын авлагад үндэслэн үндэсний болон олон улсын гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаа хариуцсан удирдах түвшний албан хаагчид, бусад оролцогчид хоорондын үйл ажиллагааны зохицуулалт, мөн үндэсний онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, олон улсын гамшгийн голомт дах үйл ажиллагааны төлөвлөлтөд суурилсан олон улсын зохицуулалтын арга барилгыг турших, сургуулилт, дадлага явуулахад орших юм.
Уг сургалт, дадлага сургуулийг Монгол Улсад зохион байгуулснаар газар хөдлөлтийн томоохон аюул тохиолдон ихээхэн хэмжээний хохирол учруулж, хор уршгийг арилгах үндэсний хүч хэрэгслийн чадавх хүрэлцэхгүй тохиолдолд гадаад улс орон, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн тусламж хүсэх, тусламжийг шуурхай хүлээн авах, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх бэлэн байдал дээшлэх, гамшгийн голомтод үндэсний гамшигтай тэмцэх байгууллага, аврах багуудтай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлт сайжрах чухал ач холбогдолтой.
Олон улсын дасгалд сургуульд Монгол, Индонез, Шри Ланка, Камбож, Малайз, Тайланд, Филипин, Австрали, БНХАУ, АНУ, Япон, Шинэ Зеланд, ОХУ, Швед, Швейцарь, Арабын нэгдсэн Эмират, Их Британи гэх мэт 30 гаруй орноос 120 гаруй зочид төлөөлөгч, оролцож байна.
Дадлага сургуулилтын үеэр “Чингис хаан” нисэх онгоцны буудлаар дамжин аврах багууд түргэн шуурхай нэвтрэх сургуулилт, 3-р эмнэлгийн хамт олонд гамшгийн үед түргэн тусламжийг шуурхай хүргэх талаар олон улсын эмнэлгийн байгууллагаас туршлага судлан хамтран ажиллах үзүүлэх сургууль хийх юм. Аврах тусгай анги дээр багаж хэрэгсэл, аврах багийн тусламж үзүүлэх чадварыг үзэж танилцана.
Сургуулилтыг ОБЕГ дээр зохион байгуулах бөгөөд өгөгдсөн цагт аврах ажиллагааг зохион байгуулна. Энэхүү дадлага сургуулийг бүсчлэн жил бүр тухайн нэг орныг сонгон зохион байгуулдаг ба Монгол Улсад болж байгаа нь нэр хүндийн хэрэг юм. Жил бүр нэг улс даргалагч хийдэг. Энэ жилийн хувьд Шинэ Зеланд юм.
Томоохон хэмжээний гамшиг, газар хөдлөлт тохиолдсон үед Монгол Улс Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагааг зохион байгуулж чадаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх юм.
Мөн Монгол Улсын хувьд дунд хэмжээний олон улсын эрэн хайх багийн эрхийг авахаар ажиллаж буй Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд энэхүү олон улсын дадлага сургууль нь зохих хэмжээний үнэлгээ, түлхэц болох ач холбогдолтой юм.
Түүнчлэн онцгой байдлын чиглэлээр Монголын гадаад харилцааг өргөжүүлж, олон улсын тусламж дэмжлэг авах бололцоог нэмэгдүүлнэ.