Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. 2015 он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар усны ослын золгүй тохиолдлоор нийт 28 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгдэж, 29 хүн амь насаа алдсан байна.
Амралт, аялал зугаалганы улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүддээ анхааруулахад бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг онцгой анхааруулж байна.
Баян-Өлгий аймагт “Ховд” голын усанд осолдсон /15 настай, эрэгтэй/ Х-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ мөрний дагууд болон Хэнтэйн нурууны зүүн хажуугаас усжих Онон, Хэрлэн, Халхголын усны түвшин олон жилийн дунджаас 20-40 см их, бусад гол, мөрний усны түвшин олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа юм байна.
Хэдийгээр ихэнх гол, мөрний усны дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй боловч 07, 08 дугаар сард зарим үед орох хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж үерлэх, уулын ам, бэл, хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер бууж болзошгүйг анхааруулж байна.
Иймд гол, мөрөн болон хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлох, үерийн уснаас хамгаалсан суваг, шуудуу татах, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гарам, гарцаар зорчихыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
Цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдаж болзошгүй
Мөн ирэх 07, 08 дугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй талаар цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
Иймд аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газарт үүрэг, чиглэлийг өгөн ажиллаж байна.
-Баяр амралтын үеэр гол, нуур, цөөрөм, эрсдэл ихтэй газруудад нэмэгдэл хүн, хүч техник хэрэгсэлтэй эргүүлийг 24 цагаар үүрэг гүйцэтгүүлэх;
– Усны осол ихээр гардаг газруудад сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээ, хамгаалалт тавих, цагдаагийн байгууллагатай хамтран завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах ажлыг эрчимжүүлэх, амралт, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд зориулсан зөвлөмж бэлтгэн тараах,
– Нуур, цөөрөм, гол мөрөн бүхий газраар бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, болзошгүй гамшгийн аюулаас амь нас, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар иргэдэд зориулсан мэдээ, мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон удаагийн давтамжтай хүргэх;
– Усархаг бороо орох үеэр автозамын нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул баталгаатай автозам, гүүр, гарамыг сонгох, гол ус гатлахдаа аюулгүй байдлаа хангахыг иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нарт онцгойлон анхааруулах;
– Усанд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалт дадлага зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд Аврах тусгай анги, зэргэлдээ аймгийн Онцгой байдлын газартай харилцан ажиллах, аюулгүй байдлыг хангах;
– Их халалтын улмаас хуурайшилтын зэрэг нэн аюултай түвшинд хүрсэн тул шаардлагатай газруудад аялал зугаалгыг тодорхой хугацаагаар хязгаарлах, морин эргүүл, хяналтын цэг, гэрээт харуулыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, түймэр гарсан даруйд унтраах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх,
Цаашид болзошгүй үер, гал түймэр, түр зуурын хүчтэй салхи шуурга, аянга цахилгааны аюулын улмаас автозам, гүүр эвдрэх, цахилгаан эрчим хүч доголдох, хүн, малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд аймаг, нийслэл, сум дүүргийн гамшгаас хамгаалах албадын бэлтгэл, бэлэн байдал /автомашин, техник хэрэгсэл, шатахуун, хүн хүчний томилгоо/-ыг хангаж хамтран ажиллахыг үүрэг болгоод байна.