ЗАВЬТАЙ ЭРГҮҮЛИЙНХНИЙ “ЗУГААЛГА”-ЫН АРД…

ӨНӨӨДӨР СОНИН

Зуны аагим халуунд нийслэлчүүдийн нэлээд хэсэг нь Туул гол бараадан, амарч тухалдаг. Амралтын өдрүүдэд Туул голын эрэг орчим хүн, машин хөл гишгэх зайгүй шахам байв. Гачууртын зам засаж байгаа ч шороон замаар улаан тоос манаруулах машин тэрэгний цуваа үл тасарна. Ногоон зүлгэн дээр майхнаа бариад, шорлог хийн, усанд сэлж амрах сайхан. Гэвч амарч, зугаалж буй хүтүүс архидан согтуурч, хүүхдэдээ тавих хараа хяналт суларснаас, гол усанд эндэх тохиолдол гарсаар байгаа юм. Тийтээс Нийслэлийн Аврах анги болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн өдөр бүр завьтай эргүүлд гарч, сэрэмжлүүлэг хүргэдэг. Өнгөрсөн бямба гаригт завьтай эргүүлийнхний нэг өдрийн ажлыг сурвалжиллаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт орших Хужирбулангийн Аврах, гал унтраах 35 дугаар ангид зуны улиралд нийслэлийн Аврах ангийнхан төвхнөдөг юм байна. Өглөө 08.30 цагт ээлж хүлээлцэн, эргүүлд гарах чиглэлээ тогтоосны дараа Гачууртын Хар усан тохойгоос Баянзүрхийн гүүр хүртэл завьтай эргүүлийнхний ажил эхэлдэг. Эргүүлд гарахаасаа өмнө усны моторт мотоцикль, 3000 метр өндөрт хөөрч, бичлэг хийдэг камерыг анх удаа туршив.

Моторт мотоцикль нь сэлүүрт завинаас хамаагүй хурдан учраас шуурхай дуудлагад явуулах юм байна. Гэвч цагт 18 литр шатахуун зарцуулдаг нь тэдэнд “асуудал” болоод буй. Нийслэлийн Аврах ангиас гадна Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг таван аймагт ийм мотоцикль бий аж. Уг мотоцикль нь усны түвшин бага байхад ч явдгаараа давуу талтай юм байна. Бороо хур бага орсноос Туул голын ус метр орчим газар татарчээ. Нэг салаа нь бүр ширгэсэн байв. Усны мотоцикль манай нөхцөлд хэр тохирохыг шалгахаар нийслэлийн Аврах ангийн Бэлтгэл сургалт, бэлэн байдал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбилэг иржээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

Ц.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭРГҮҮЛИЙНХЭН ОСЛЫГ 50 ХУВЬ БУУРУУЛСАН

-Аврах ангийнхан хэдэн ээлжээр, хэрхэн ажиллаж байна вэ?

-Зургаадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 15 хүртэл өдөр бүр завьтай эргүүл гарч байгаа. Тэрэлжийн гүүрнээс Баянзүрх, Баянзүрхийн гүүрнээс Яармаг, Яармагийн гүүрнээс Сонсголон гэсэн чиглэлд ажиллаж байна. Нийслэлчүүд урин дулаан цагт Туул гол орчимд амрах нь их. Гэхдээ зөв боловсон амарч чадахгүй машинаа голд угааж, хог хаягдлаа орхиод явж байна. Голын ус их татуу байгаа ч заавал гүнзгий хэсэг, цүнхээлтэй газар усанд орж осолдож байна. Уржигдар (долдугаар сарын 3) гэхэд Баянзүрхийн гүүр орчим Адам Евагийн хөшөөний тэнд нэг хүн осолдсон. Анхааруулах самбар тавиад байтал цүнхээлд орж, эндэж байгаа нь харамсалтай.

-Дуудлага өгснөөс хойш хэдий хугацаанд очдог вэ?

-Завьтай эргүүл байнга гарч байгаа учраас хурдан шуурхай очих боломжтой. Гэхдээ гол ѳгсѳѳд завь маань зарим үед явж чадахгүй хайргадаад байна. Эргүүлийнхнийг голын доод хэсэгт очсоны дараа эхэн хэсэгт осол гарвал тийшээ хүрэхэд хугацаа их ордог. Голын эрэг хаагаад амралтын газар, айлууд барилга барьчихсан учраас бидэнд машинтайгаа ойртон, завьтай эргүүл хийж байгаа аврагчдаа авч явахад хүндрэл учруулж байна. Үүнээс болж дуудлага ѳгсѳн газарт хурдан шуурхай хүрч чадахгүй байх тохиолдол бий.

-Завьтай эргүүл гарснаар осол буурав уу. Давуу тал нь юу вэ?

-Туул голд сүүлийн дѳрвѳн жил завьтай эргүүл гарч байна. Жилд 40 гаруй хүн усанд эндэж байсан бол завьтай эргүүл гарснаар энэ тоо 50 хувиар буурсан. Иргэдэд сануулга, сэрэмжлүүлэг хүргэснээр осол гарах нь 50 хувь буурсныг Гамшиг судлалын хүрээлэнгийн судалгаанаас харж болно гэв. Моторт мотоциклииг туршиж үзсэний дараа нийслэлийн Аврах ангийн бүлгийн А.Амгаланбаатар, аврагч Д.Отгондэмбэрэл, Л.Энхтөр, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн цагдаа, ахлах ахлагч Б.Амарбаяр нарын хамт Хар усан тохойгоос Баянзүрхийн гүүр хүртэл завьтай эргүүлд гарлаа. Завин дээр 3-5 хүн л суух боломжтой учраас үлдсэн нь Онцгой байдлын машинтай голын эргээр явсан юм.

Усанд “А” ч үгүй миний хувьд завин дээр сууж, гол гатална гэхээр эхэндээ эмээж л байлаа. Гэхдээ аврагчидтай яваа хойно алзахгүй гэж бодно. Тэд ч аюулгүй байдлаа хангаж, бүгд аврах хантааз ѳмсѳѳд завиндаа сууцгаалаа. Ус үергүй, түвшин бага байсан учраас завь удаан явав. Үдийн халуун наранд шарагдаж гурван цаг хэртэй голоор “аялахад” амаргүй ч дэгдээхэйгээ дагуулсан ангир, мэл цэнхэртэх Туул, хөгжилтэй цэнгэлдэх залуусыг харахад урамтай.

Аврах ангийнхан цагдаа дагуулж явдаг нь ч учиртай юм байна. Голын эрэг орчим амарч байгаа хүмүүс онцгойгийнхны үгийг үл тоох, хэл амаар доромжлох тохиолдол цөөнгүй гэнэ. Харин мөрдэс зүүсэн цагдаа харахаар зангаа хувирган, тун ч дуулгавартай болцгоод аж. “Гол усанд болгоомжтой ороорой, хүүхдүүддээ хараа хяналт тавиарай” гэх аврагчдын үгийг чихнийхээ хажуугаар ѳнгѳрѳѳх тэд ѳѳрсдийнх нь тѳлѳѳ хэлж буйг анзаарах ч сөхөөгүй усанд шумбаж, ууж идэцгээнэ. Аврагчдын цагаан хоолой эвдэрсэн учраас арга буюу хоолойны цараар л бусдад сэрэмжлүүлэг хүргэхийн зэрэгцээ гол усны аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлага тарааж явлаа. Тэднийг ажлаа хийж, аюул тохиолдвол аврахад бэлэн явааг нь хүмүүс үл ойлгон, амарч зугаалж байгаа мэтээр хандаж байв. “Яасан гоё юм бэ. Завинд чинь суугаад явъя” гэх хүмүүс ч олон таарч байлаа. Хөлчүү зарим нь аврагчид руу ус цацан доог хийх нь энүүхэнд.

Голын ойролцоо амарч буй иргэдийн олонх Туулын эрэгт тулган машинаа тавьжээ. Голын эргээс 50-100 метр зайд машинаа байрлуулах журмыг тэд зөрчсөн байв. Тиймээс жолоочид нь сануулга өгч, голын эргээс машиныг нь холдуулсан юм.

Үр хүүхэд нь усанд тоглож байхад хажууд нь машинаа угаагаад зогсох хэнэггүй нөхөд ч цөөнгүй таарав. “Өө, голын усанд машин угаадаггүйг мэдсэнгүй л дээ” гэж хээв нэг хэлэх тэдэнтэй гол усаа хайрлах талаар яриад ч нэмэргүй мэт. Харин дахин ийм үйлдэл гаргахгүй байхад нь хатуухан арга хэмжээ авмаар санагдана. Гэвч цагдаа нар 5000-аас дээш төгрөгөөр торгох эрхгүй болохоор яалтай. Ийм зөрчил гаргасан жолоочийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасагт аваачин, хариуцлагын арга хэмжээ авахуулсан юм. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүсийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөв.

17.00 цагт Баянзүрхийн гүүр орчмын Туулын усанд хоёр машин суужээ. Хэдий ус татуу байгаа ч жийп машины дугуйнаас дээш хэсэг нь л далдарсан харагдана. Аврах ангийнхан тэдгээр машиныг уснаас татан гаргаж, цагдаа нар жолоочид нь торгуулийн арга хэмжээ авав. Хэрэв ус үертэй байсан бол хүний амь эрсдэх аюултай байлаа. Тэдгээр машинд хүүхэд, хөгшид голдуу хүмүүс суусан харагдсан. Машинаа голын эргээс 50-100 метр зайд тавих нь бүү хэл гол гаталж салаа руу орох гэж зүтгээд ийм байдалд хүрчээ. “Тээврийн хэрэгслийг голд ойрхон зогсооход нягтрал ихтэй, хортой тоосонцор гардаг. Энэ нь Туулын усыг бохирдуулж байна. Голын доод хэсэгт настай хүмүүс, хүүхэд усанд орж байгаа шүү дээ” гэж Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч А.Алтанцѳгц хэлэв. Тэрбээр, голын сав газраар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулахаар эргүүл хийж буй нь энэ. Голын эргээр ус ундаа, архи пивоны шил, лааз зэрэг хог хаягдал маш их байлаа. Идэж, ууж, найрлаж, зугаалчихаад хаясан хогоо машиндаа хийгээд аваад явах ухамсартай хүн цѳѳхѳн байгааг эндээс харж болно. Ѳнгѳрсѳн долоо хоногт Баянзүрх дүүргийн ТҮК-ийн ажилчид Туул гол орчмыг цэвэрлэсэн аж. Гэвч тэнд хогийн цэг шиг л болжээ.

Мѳн голын сав газар руу зам талбай шинээр гаргаж байгаа хүмүүст Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авлаа. Зургаадугаар сарын 20-ноос хойш тогтмол эргүүл хийснээр хулгай, дээрэм гараагүй байна. Гэхдээ шил лааз түүсэн, согтуу хүмүүс их эргэлддэг учраас машинаа сайн түгжин, эд зүйлсээ биедээ авч явахыг байнга сануулж байлаа. Завьтай эргүүл 20.00 цагийн үед буусан бѳгѳѳд энэ хугацаанд усанд хүн осолдсон дуудлага ирсэнгүй амар тайван ѳнжлѳѳ.

scroll to top