1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн Оюут 7 дугаар гудамжийн 20 тоотод иргэн Б /32 настай, эрэгтэй/ нь 2015.07.10-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.14-ний өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, Цагдаагийн газрын 9 албан хаагч, ар гэрээс нь 16 иргэн, нийт 71 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Уул, хаднаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан 5 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 02:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Хилийн 0285 дугаар ангийн 4 албан хаагч, уулын авиралтын 4 тамирчин нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг 2015.07.13-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2015.07.15-ны өдөр уулнаас нас барсан цогцосуудыг буулгасан. Дээрхи ажиллагаанд хүч нэмэгдүүлэн 2015.07.15-ны өдөр ОБЕГ-ын ГШУГ-ын дарга хурандаа Б.Мандахгэрэл, ахлах мэргэжилтэн ахмад З.Баттулга, АТА-ийн салбарын дарга ахмад Д.Зууннаст, уулчин Гантулга, уулчин Бямбасүрэн нар ЗХ-ний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр хөөрч Ховд аймгийн Онцгой байдлын газраас 5 аврагч, 3 уулчин, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас 4 аврагчийг нэмж авч, цогцосуудыг нисдэг тэргээр зөөвөрлөн мөн өдрийн 18:30 цагт Баян-Өлгий аймгийн Өлгий хотод авчирсан. Ууланд осолдсон байж болзошгүй нас барсан Г /38 настай эрэгтэй/, Д /57 настай эмэгтэй/, Г /49 настай, эрэгтэй/, Б /32 настай эмэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нарын шарилыг Өлгий-Улаанбаатар хотын чиглэлд зөөвөрлөн авчрахаар нисдэг тэрэг 2015.07.16-ны өдрийн 07:04 цагт хөөрсөн.
Ус цас шаварт саатсан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шинэ гүүрний доод талд, “Туул” голын усанд “Ford Escape” загварын автомашинтай 5 иргэн гарч чадахгүй байгаа тухай дуудлагыг 2015.07.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр усанд суусан автомашинтай иргэдийг татан гаргасан.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөний биеийн байдал сайн байгаа.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 3 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-ийн 1 тэмээ 2015.06.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн “Шонхор” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
4.Үер:
Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 9 дүгээр гудамжны хойд талын үерийн далан сэтэрч, 8, 9, 10 дугаар гудамжны айл өрхүүд усанд автсан тухай дуудлагыг 2015.07.15-ны өдрийн 21:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр дээрхи гудамжинд ус зайлуулах зурвас гаргаж, усыг гадагшлуулж ажилласан.
5. Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч 1 автомашин нийт 78 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч, 2015.07.10-ны өдрийн 17:30 цагт түймрийг цурамд оруулсан боловч дахин ассан тухай дуудлагыг хүлээн авч Аврах тусгай ангийн 32 албан хаагч, 2 автомашин, Нийслэлийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, 2 автомашинтай, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас 2 албан хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 57 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн “Арцат-Уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.29-ний өдөр хүлээн авч, 2015.07.09-ний өдрийн 17:30 цагт түймрийг унтраасан боловч 2015.07.11-ний өдрийн 20:40 цагт дахин ассан тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 1 иргэн, нийт 15 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Таван богд” уулын орчим хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.15-ны өдрийн 19:21 цагт хүлээн авч Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 15 албан хаагч, хилийн 2, 3, 4 дүгээр заставын 37 албан хаагч, нийт 52 албан хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр тус тус унтраахаар ажиллаж байна.
Цурамд оруулсан: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Оорцог-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.07-ны өдрийн 12:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 26 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.13-ны өдрийн 23:00 цагт цурманд оруулсан.
Унтраасан: Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн “Сүүл өндөр” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.15-ны өдрийн 21:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, сум, орон нутгийн 35 иргэн, нийт 47 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.16-ны 04:00 цагт,
Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Цүүцийн баруун салаа ” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 28 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.15-ны өдрийн 11:20 цагт,
Булган аймгийн Сэлэнгэ сумын Энгэт багийн “Даамай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.10-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 33 иргэн, нийт 41 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.15-ны өдрийн 21:00 цагт,
Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн “Дунд жаргалант” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.12-ны өдрийн 23:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 22 иргэн, нийт 34 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.15-ны өдрийн 20:20 цагт бүрэн унтраасан.
5. Объектын гал түймэр:
Орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, “Хаан болор” төвийн харуул Т-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.15-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраасан.
6.Ахуйн осол:
Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 83 дугаар байрны 7-8 дугаар давхарын хананы 0.5х2 метрын хэмжээтэй 14 ширхэг төмөр дулаалга иргэдийн дээрээс унах аюултай нөхцөл байдал үүсээд байна гэсэн дуудлагыг 2015.07.15-ны өдрийн 17:11 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашин, Гал унтраах, аврах 10 дугаар ангийн шатны автомашинтайгаар ажиллаж, унжсан дулаалгын төмрийг буулгасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР