Баяр наадмын өдрүүдэд 56 иргэний амь биеийг авран хамгаалж ажиллалаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас Үндэсний их баяр наадам Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд Төр засгийн тэргүүнүүдийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох газрууд, Олон улсын зочид төлөөлөгчдийн очих газар болон улсын онц чухал 275 объектуудад галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулахад цахилгаан хэрэгсэл, хийн баллоны хоорондын зай хэмжээ алдагдсан 187, цахилгааны уртасгагч разетканы зөрчилтэй 87, нарны шууд тусгалд хийн баллоныг байрлуулсан 403, гал унтраагуур байхгүй 136 зөрчлийг илрүүлж газар дээр нь зөрчлийг арилгуулсан.

                Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэж аюулт үзэгдэл, техникийн хобогдолтой ослын нийт 76 дуудлагаар ажиллалаа. Үүнээс объектын гал түймрийн 51 удаа, Эрэн хайх, аврах ажиллагааны 25 удаа  дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Голын усанд осолдож 6 хүн нас барж, 58 иргэнийг аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын аюулаас авран хамгаалсан.

            Тухайлбал:

            Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баянзүрхийн гүүрний доод талд 2 согтуу иргэн усанд уналаа гэсэн дуудлагыг 17:30 цагт өгснөөр Аврах ангийн эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашинтай бүлгийг гаргахад иргэн Ж 68 настай эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 62 настай эрэгтэй нар усанд унасан байсныг амь насыг нь аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн.

Завьт эргүүлийнхэн усанд живж байсан хүнийг аварчээ  

             Аврах ангийн усны завьт эргүүлийн бүлгийн албан хаагчид эргүүл хийх явцад Адам, Эвагийн хөшөөний орчим Туул голын салаа хэсэгт  21 настай, эрэгтэй усанд живж байсныг аврагчид амийг нь аварч эмнэлгийн анхны тусламж үзүүлэн амь насыг нь аварсан байна.

            Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Гачууртын шинэ замын хажууд Туул голд машин суусан гэсэн дуудлагаар Аврах ангийн бүлгийг очиход иргэн Б гэр бүлийн хамт гарамгүй газраар голыг гаталж байгаад, усанд живж байсныг гаргаж амь насыг нь авран хамгаалсан байна.

 Согтуугаар голын усанд автомашинтайгаа орсон байсныг татаж гаргасан байна

Налайх дүүргийн  нутаг дэвсгэрт Туул голд автомашин усанд суусан дуудлагаар тус дүүргийн ОБХ-ийн бүрэлдэхүүнийг шөнийн 03.00 цагт очиж автомашиныг гаргаж, жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дээрх үйлдлийг гаргасан тул цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 Усны түвшин нэмэгдсэн тул голын усанд орохгүй байхыг анхааруулж байна

Баяр наадмын өдрүүдэд хэт халалттай байсны улмаас голын эрэгт аялж зугаалах иргэд олон байсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голд завьт эргүүлийг 4 чиглэлд ажиллуулж аюулгүй байдлыг хангалаа. Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас баяр, амралтын өдрүүдэд 6 иргэн голын усанд осолдож амь насаа алдсан байна.

Тухайлбал: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Мишээл экспо худалдааны төвийн харалдаа Туул гол хүн живсэн байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах ангийн бүлгийг гаргахад 44 настай, эрэгтэй Туул голын усанд осолдож нас барсан байдалтай байсныг цогцсыг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн Хайрхан амралтын газрын харалдаа Туул голд хүн живсэн байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах ангийн бүлгийг очиход 17 настай, эрэгтэй Туулын голын усанд осолдсон байсныг гаргаж аврагчид анхан шатны тусламж үзүүлэхэд нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн.

             2015.07.12-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспо худалдааны төвийн харалдаа Туулын голд 3 хүн живсэн байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход 25 настай 3 эрэгтэй усанд живж байсныг  ойролцоо амарч байсан иргэд 2-ыг нь гаргасан байжээ. Усанд живж осолдсон иргэн 25 настай, эрэгтэйг  шумбалт хийн 2.2 метрийн гүнээс цогцсыг гаргасан байна.

Налайх дүүрийн  6-р хороо Тэрэлж-Улаанбаатар-2 гүүрний доор хүн живсэн дуудлагаар Аврах ангийн бүлгийг очиход 23 настай, эрэгтэй усанд живж амь насаа алдсан байсныг гаргаж цагдаагийн  бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Бороо үргэлжлэн орж голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голоор автомашинтай гатлахгүй, голын усанд орохгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын байдлын газраас анхааруулж байна.

 Барилгын фасатны хөөс унах гэж байсныг аюулгүй болголоо

            Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 51 дүгээр байрны 1 дүгээр орцны 8 дугаар давхараас фасат унах гээд байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн  бүлгийг гаргахад 8 дугаар давхараас 1.5х5 хэмжээтэй фасатны хөөс, 9 дүгээр давхараас 1х3 хэмжээтэй фасатны хөөс унах гэж байсныг аврах олсоор буулгаж аюулгүй болгосон.

 Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

            Нийслэл хотод бороо үргэлжлэн орж байгаатай холбогдуулан болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, холбогдох гамшгаас хамгаалах албадаас  үер усны аюулын үед гарч ажиллах хүч хэрэгслийг тодотгон, Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын далан суваг, түүний гаргалгаа хоолойнуудын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж, шалган цэвэрлэх шаардлагатай гаргалгаа хоолойнуудын судалгааг гарган, бөглөрсөн гаргалгаа хоолойнуудыг онгойлгох ажлыг зохион байгуулж, үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүргэн ажиллаж байна.

            Иймээс иргэд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч үер усны аюулаас сэрэмжтэй байхыг  нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top