Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, иргэдийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын тамгын газраас иргэдийн гарын үсэг бүхий танилцуулга хуудсыг гаргасан байна. Бусдад туршлага болохуйц сайн жишээг дэлгэрүүлэн ЗДТГ-ын дарга Г.Батсэнгээгээс тодрууллаа.
-Танай сумаас эхлүүлсэн энэхүү урьдчилан сэргийлэх ажлыг иргэд хэрхэн хүлээж авч байна вэ?
– Хөрш зэргэлдээ сум, хөдөө, хээр зорчин яваа автомашин техник, төмөр замын хамгаалалтын зурвасыг хамгаалах зорилгоор хаврын цагт цурам тавьснаас үүдэж хээрийн түймэр гарах тохиолдол их байдаг. Тиймээс төмөр замын өртөө хэсгүүдэд болон малчин айл өрх, тээврийн хэрэгслийн жолооч нарт гал түймрээс урьдчилан сэргийлэх санамж бичгийг тарааж, гарын үсгийн баталгаа гаргуулах ажлыг хоёрдах жилдээ зохион байгуулан ажиллаж байна. Гарын үсгийн баталгаа бүхий хуудас нь ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөө бүхий багийн иргэдийн болон яаралтай үед холбоо барих албан байгууллагуудын утасны дугаарын жагсаалттай. Ингэснээр иргэн бүр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй болж, бэлтгэлээ ханган, түймэр гарсан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдээлж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.
– Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн хоёр жилийн хугацаанд гарсан үр дүнгийн талаар бас сонирхмоор байна л даа?
Бололгүй яахав. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, малчид, иргэдэд сурталчилгаа, санамж, зөвлөмж өгч, түймэр гаргахгүй байх талаар баталгаа гаргуулсан иргэдийн гарын үсэгтэй танилцуулга хуудсыг түймрийн аюултай үе буюу хаврын улиралд 3-6 сар, намрын улиралд 9-10 саруудад тогтмол тарааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Энэхүү урьдчилан сэргийлэх ажил маань аймгийн хэмжээнд сайн туршлага болж хэрэгжиж байгаад баяртай байгаа. Үүний үр дүнд хээрийн түймрийн гаралт аймгийн хэмжээнд 66 хувь буурсан үзүүлэлттэй байна. Мөн сумаас алслагдсан малчин өрхүүдийг гал түймэр гарах үед яаралтай арга хэмжээ авах үлээгч аппаратаар хангасан.
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр иргэдийн мэдлэг мэдээлэл хэр дээшилж байна вэ?
Нэг үеэ бодвол иргэдийн мэдээлэл харьцангуй сайжирсан. Урьдчилан сэргийлэх ажлыг сумын төвийн 362 өрх, хөдөөгийн багийн 479 өрх, төмөр замын 5 өртөө хэсгүүдийн өрхүүдэд тогтмол хүргэн ажиллаж байна. Ингэснээр өрх бүр ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй, хариуцлагатай болж байгаа. Тиймээс энэхүү туршлагыг ажил хэрэг болгож, өөрсдийнхөө нутаг орны онцлогт тохируулан хэрэгжүүлж чадвал иргэн бүр үүргээ ухамсарлаж, өөрийн болоод бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм байна гэдгийг сүүлийн хоёр жилийн хугацаа харууллаа.
“Онцгой мэдээ” сонин