Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд бэлэн байдлаа хангаж оролцохыг Гамшгаас хамгаалах улсын албадын дарга, яам, агентлагийн удирдлага, бүх шатны Засаг дарга, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болголоо.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн үед шуурхай арга хэмжээ авах, зарлан мэдээллийн дохио ажиллуулах, мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэг хийх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, гэмтэж бэртсэн иргэдийг хээрийн нөхцөлд эмчлэх зэрэг дадлага сургуулилт хийх юм.
Манай улсад 2013 оноос хойш жил бүр 1000-1500 орчим газар хөдлөлт болсон гэсэн судалгаа байдаг. Өнгөрсөн онд МУИС-ийн судалгааны баг, Японы Нагояагийн их сургуулийн эрдэмтэд хамтран нийслэл хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн байдалд судалгаа хийсэн байна. Судалгаагаар нийслэлийн баруун хойд талаас зүүн урагшаа чиглэлд 50 орчим км үргэлжилсэн идэвхтэй хагарлын бүс байгаа нь тогтоогджээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.