Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт:  Дорноговь аймгийн нутгийн зарим хэсгээр бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 7-12 градус дулаан, Эг-Үүр, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Бага зэргийн цас орно, салхи баруун хойноос 7-12 м/с, 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30, 31-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 30-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө  14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд 20х15 хэмжээтэй нийтийн байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 09:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 16 албан хаагч, 4 автомашинтай 5 км замыг туулан 09:11 цагт очиж 1 цаг 35 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт 2х3 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 14:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 14:53 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт 4 ханатай, 5 ханатай 2 гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 18:48 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт 10х15 хэмжээтэй зоорийн модон хийц шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 19:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 19:19 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багт 11х6 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 19:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20 км зам туулан 20:00 цагт очиж 1 цаг 25 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн “Довын гуанз” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 65 км-т/ 2 автомашин мөргөлдөж, 3 хүн нас барж, 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 07:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай, Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашинтай, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 3 эмч, 1 автомашинтай ажиллаж Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан 5 зорчигчтой Ланд Крузер-200 загварын суудлын автомашин, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас нүүрс ачин Улаанбаатар хотын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан “Хово” загварын ачааны автомашинтай мөргөлдөж “Ланд Крузер-200” загварын суудлын автомашинд зорчиж явсан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны харьяат иргэн Э /42 настай, эрэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны харьяат иргэн Э /36 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад, мөн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны харьяат иргэн Д /36 настай, эрэгтэй/, Төв аймгийн Баянцагаан сумын 2 дугаар багийн харьяат иргэн Ж /27 настай, эрэгтэй/, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн харьяат иргэн Э /18 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top