Сонсогчид үйлдвэрлэлийн дадлагаар эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлно

20190401_141850.jpg

Онцгой байдлын байгууллага 2019 онд Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоонд шилжих зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсүүдэд “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний асуудал эрхэлсэн мэргэжилтэн”-ий орон тоог бүтцийн шинэчлэлээр баталсан билээ.

Тус мэргэжилтнүүдийг Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуульд Азийн хөгжлийн банкны “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр сургаж, бэлтгэж байгаа юм.

Энэхүү мэргэшүүлэх сургалтаар сонсогчид гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичиг, ой, хээрийн болон обьектын түймэр, ган, зуд, үер, химийн болон цацрагийн осол, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлтийн барилгын тэсвэржилтийн зэргийг үнэлэх, аргачлалд суралцаж, цэргийн хэргийн мэдлэг дадлагыг эзэмшиж байна.

Сонсогчид сургалтын үйлдвэрлэлийн дадлагыг “Говь”, “И март” худалдааны төв, “Бармаш” зэрэг урьд өмнө нь гал түймрийн өндөр эрсдэл үүссэн аж ахуйн нэгж байгууллагууд, мөн Сүхбаатар дүүргийн 14, 15, 18 дугаар хороонд энэ сарын 01-05-ны өдрүүдэд хийж, дээрх гамшиг ослоос авсан сургамж, цаашид эрсдэлийг бууруулах арга замыг “Байгууллагын чадавхыг үнэлэх тойм судалгааны аргачлал”, “Аж ахуйн нэгж байгууллагын гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх аргачлал”, “Галын аюулын үнэлгээний аргачлал”, “Гамшгийн эрсдэлийг орон нутгийн түвшинд үнэлэх индикаторын аргачлал”, “Олон нийтийн оролцоотой тойм судалгааны аргачлал” зэргийг ашиглан эрсдэлийн зэргийг үнэлсний үндсэн дээр тодорхойлох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top