Хурандаа Ж.Чүлтэмсүрэн: Нийслэлийн өрх, иргэн бүрийг иж бүрэн сургуульд хамруулна

DSC_2402.jpg

Нийслэл хотод энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.

– Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг нийслэл хотноо анх удаа зохион байгуулах гэж байна. Бэлтгэл ажил хэрхэн өрнөж байна вэ?

– 1990 оноос өмнө үй олноор хөнөөх зэвсгээс ард иргэдээ хамгаалах зорилгоор Иргэний хамгаалалтын дадлага, сургуулийг орон даяар болон Улаанбаатар хотод хэсэгчилсэн байдлаар хийдэг байсныг манай улсын иргэд мартаагүй байх. Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэнээс хойших хугацаанд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг нийслэлд сүүлийн 30-аад жилийн хугацаанд анх удаа зохион байгуулах гэж буй онцлогтой. Харин өнгөрсөн хугацаанд дүүргүүдэд гурван жилд нэг удаа иж бүрэн сургууль хийгдэж ирсэн. Тодруулбал, 2018 онд Баянзүрх, Багануур, Сонгинохайрхан дүүрэгт эл сургуулийг зохион байгуулж, Багануур дүүргийн орон сууцны иргэдийг, мөн Хонхор тосгоныг бүхэлд нь, Москва хорооллын орон сууцны иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлж, газар хөдлөлтийн гамшгийн улмаас нурсан барилга байгууламжид эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг өргөн хүрээнд амжилттай зохион байгуулсан юм.

Энэ удаад Нийслэлд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өндөр ач холбогдол өгч байгаа. Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг удирдах бүрэлдэхүүнийг томилсон.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах тухай” захирамж гарч, бэлтгэл ажлыг хангах 14 ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ бүхэнд Нийслэлийн ЗДТГ-ын удирдах бүрэлдэхүүн онцгой анхаарал хандуулан зохион байгуулах цаг нь болсон гэж үзэж байгаа. Тэрчлэн Засгийн газрын хуралдаанаар Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад бэлэн байдлаа хангаж оролцохыг Гамшгаас хамгаалах улсын албадын дарга, яам, агентлагийн удирдлага, бүх шатны Засаг дарга, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын захирал, дарга нарт даалгалаа.
Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн Улаанбаатар хотод гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж, цар хүрээ өсөн нэмэгдэх болсон. Газар хөдлөлтийн идэвхжил сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн, шинээр газар хөдлөлтийн голомт тогтоогдсон. Болзошгүй гамшигт бэлэн байх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын 2019 онд хамтран ажиллах гэрээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгүүдийг томилон удирдлага, төлөвлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлж байна. – Сургуулийн зорилго, ач холбогдлын талаар тодотгоно уу?

– Сургуулийн гол зорилго нь болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлох юм.

Энэ бүхнийг цогц байдлаар Улаанбаатар хотын хөрсөн дээр буулган бодит ажил болгон хэрэгжүүлж чадваас сургуулийн ач холбогдол өндөр үр дүнтэй гарах нь ойлгомжтой. Энэхүү ач холбогдлыг өндөрт өргөх үүднээс гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах ажлын хүрээнд бүх шатны удирдах бүрэлдэхүүн болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, иргэдийн сургалтыг зохион байгуулан давхардсан тоогоор 500 орчим мянган хүн хамрагдаад байна. Ер нь аливаа гамшгийн үед холбоо, зарлан мэдээллийн асуудал чухлаар тавигддаг. Тиймээс сургуулийн үеийн холбоо зохион байгуулалт, зарлан мэдээлэл болон дадлага, сургуулийн үйл явц бүрийг удирдлагын байранд шууд дамжуулан хүргэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

– Та Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн идэвхжил эрс нэмэгдсэн, шинээр газар хөдлөлтийн голомт тогтоогдсон гэдгийг онцоллоо. Энэ талаар тодруулахгүй юу?

– 2013 оноос хойш манай улсад жил бүр 1000-1500 орчим газар хөдлөлт болсон тухай судалгаа бий. Өнгөрсөн онд МУИС-ийн судалгааны баг, Японы Нагояагийн их сургуулийн эрдэмтэд хамтран Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн байдалд судалгаа хийсэн. Ингэхэд нийслэлийн баруун хойд талаас зүүн урагшаа чиглэлд 50 орчим км үргэлжилсэн идэвхтэй хагарлын бүс байгаа нь тодорхой болсон. Нийслэл хотыг тойроод их, бага зайд зургаан том хагарал бий. Эдгээр нь тухайн хэсэгт өмнө нь газар хөдөлж, түүнээс үүссэн ан цав юм. Тус хагарлуудад дахин газар хөдлөх магадлалтай. Энэхүү хагарлыг идэвхтэй эсэхийг Одон орон, геофизикийн хүрээлэн, олон улсын холбогдох шинжээчид судалж байгаа. Тиймээс нийгэм, эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдалтай холбогдуулан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, тохиолдсон үед хариу арга хэмжээг зохион байгуулалттайгаар авах шаардлага тулгарч байна.

– Мэдээж энэхүү иж бүрэн сургуулийн үеэр газар хөдлөлтийн гамшгийн цагийн байдал өгөгдөх байх. Энэ талаар тодруулна уу?

-Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлт болбол иргэдийн амь нас эрсдэх, айдаст автан эмх замбараагүй байдал үүсэх, орон сууц, сургууль, цэцэрлэг, барилга, байгууламж нурах, цахилгаан станц болон шатахуун түгээх станцууд дэлбэрэх, дулаан дамжуулах шугам хоолой задрах, цахилгаан тасрах, химийн бодис алдагдах, төмөр зам эвдрэх зэргээр их хэмжээний хохирол учирч, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй тул сургуулилтыг өндөр түвшинд явуулах шаардлагатай байна.

Газар хөдлөлтийн үед шуурхай арга хэмжээ авах, зарлан мэдээллийн дохио ажиллуулах, мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэг хийх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, гэмтэж бэртсэн иргэдийг хээрийн нөхцөлд эмчлэх зэрэг сургуулилт хийх юм.

– Сургуулийн үе шатын тухайд … ? 

– Дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү иж бүрэн сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулна. Сургуулийн нэгдүгээр шатанд газар хөдлөлтийн гамшиг болсон цагийн байдлын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд 24-ний өглөө “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулснаар сургууль эхэлнэ. Хоёрдугаар шатанд “Яаралтай цуглар” дохиогоор цугласан нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн гамшиг үүссэн цагийн нөхцөл байдлын дагуу хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, удирдлага зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор танхимын команд штабын дадлага, сургуулийг зохион байгуулснаар үргэлжилнэ. Танхимын команд штабын сургуульд 80 гаруй байгууллагын 950 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдахаар төлөвлөөд байна.

Гуравдугаар шатанд Зарлан мэдээллийн дуут дохионы цамхгаар “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл дамжуулан хүргэх ба 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 тооны аюулгүйн талбайд гарна.
Газар хөдлөлтийн гамшгийн улмаас орон байргүй болсон иргэдийг түр цугларах аюулгүй талбайгаас түр амьдруулахаар “Нүүлгэн шилжүүлэлт”-ийг Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт урьдчилан жишиг байдлаар бэлтгэсэн талбайд, бусад дүүрэгт гэнэтийн байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү гурван дүүргийг онцлон сонгосны учир нь Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, тухайн гурван дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Тиймээс энэ удаагийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Нийслэлийн түвшинд өргөтгөн хамтад нь зохион байгуулж байгаа онцлогтой.
Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн энэ өдрийн ажлын цагийг 10.00 цагаас эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа.
Эдгээр 111 аюулгүйн талбай, 31 байршлын зай хэмжээ нь нийслэлчүүдэд маань хүрэлцэх эсэхийг энэхүү сургуулийн явцад тодотгоно. Бид цаасан дээр тоо тавиад өөрсдийгөө хуураад яваад байна уу, эсвэл бодитой юу гэдгээ шалгана. Хэрэв багтахгүй бол талбайг нэмэгдүүлэх, ашиглах боломжгүй талбай байвал түүнд анхаарах зүйлийг нь энэхүү сургуулийн үеэр тодорхой болгох ач холбогдолтой.

– “Нүүлгэн шилжүүлэх” дадлага, сургуулийн үед зарим иргэд амьдарч байгаа газарт нь хамгийн ойр аюулгүйн цэг хаана байгааг мэдэхгүй байхыг үгүйсгэхгүй. Энэ ажлыг яаж зохион байгуулж иргэдэд хүргэх вэ?

– Газар хөдөлсөн тохиолдолд иргэд барилга, орон сууцнаасаа гарч, аль замаар явж, аюулгүйн талбайд очихоо мэдэж байх шаардлагын үүднээс нүүлгэн шилжүүлэх сургуулилтыг хийж байгаа юм. Тухайн иргэн оршин суугаа орон сууцнаасаа хамгийн ойрхон аюулгүйн талбай руу хүрэх маршрутын зураглалыг уг сургуулийг зохион байгуулахаас өмнө гаргаж, айл өрх бүрт хүргүүлнэ. Түүнчлэн жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт зарлан мэдээллийн дохиог дамжуулах дадлага сургуулийг төрийн байгууллага, албан хаагчид хийж хэвшсэн. Үүнд ихэвчлэн төрийн захиргаа, аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчид оролцдог. Харин орон сууцанд амьдарч байгаа иргэдийн оролцоо, хамралт маш бага учраас энэ удаагийн иж бүрэн сургуульд бүх иргэнийг хамруулна. Тийм учраас энэ удаагийн сургуульд нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагууд, бүх яам, агентлаг, төрийн цэргийн байгууллагууд, гадаад орнуудын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулахаар төлөвлөж байна.

– Автомашины хөдөлгөөнийг аль хэсэгт хязгаарлах вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд, мөн орон нутгаас хот руу орж ирэх хөдөлгөөнийг ч зогсооно. Жирийн буюу тайван цагт зам тээврийн осол гардаг. Тэгвэл газар хөдөлж, байшин барилга нурсан, гал түймэр гарч, энд тэндгүй хүмүүс сандралдаж, эмх замбараагүй байдал үүссэн үед автомашины хөдөлгөөнөөс болж ямар их хүндрэл үүсэх бол. Ер нь автомашинаар биш явганаар өөрийн аюулгүй байдлыг хангах нь чухал. Үүнтэй уялдуулж автомашины бүх хөдөлгөөнийг хязгаарлан дадлага сургуулилтыг хийх юм. Гэхдээ онцгой байдал, эрүүл мэнд, цагдаа, хэвлэл мэдээллийн байгууллагын автомашиныг хөдөлгөөнд оролцуулна.

– Хотын удирдлага, иргэд маань танхимын команд штабын болон нүүлгэн шилжүүлэх дадлага, сургуульд хамрагдах юм байна. Эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх сургуулилтыг хэрхэн зохион байгуулах вэ?

– Газар хөдлөлтийн гамшгийн улмаас барилга байгууламж нурж иргэд гэмтэж бэртсэн, сураггүй болсны дагуу эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох арга хэмжээг гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, онцгой байдлын байгууллага хамтран зохион байгуулахаар төлөвлөгдсөн. Гамшиг тохиолдсон үед зөвхөн онцгой байдлын байгууллага үүрэг гүйцэтгэх ёстой мэтээр өрөөсгөл ойлгодог. Газар хөдлөлтийн гамшгийн үед хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, оновчтой шийдвэр, хариу арга хэмжээ нэн чухал байдаг. Учир нь, газар хөдөлсөн үед хавсарсан аюул их тохиолддог. Тухайлбал, гал гарах, усны шугам хоолой задрах, химийн хорт бодис дэлбэрэх гэх мэт. Тиймээс олон байгууллагын үйл ажиллагааг уялдуулж, нэгдсэн удирдлагаар хангахын тулд эрэн хайх, аврах дадлагыг дүүрэг бүрт хийнэ.

Мөн газар хөдлөлтийн гамшгийн улмаас нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх хээрийн эмнэлгийг дэлгэх ажиллагааг Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг зохион байгуулна. Газар хөдөлж нэгдсэн эмнэлгүүд нурсан тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хээрийн нөхцөлд хэр олон хүнд үзүүлэх боломж байгаа эсэхийг туршиж үзэх юм. Сургуульд оролцсон удирдах бүрэлдэхүүнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах сорилын арга хэмжээг зохион байгуулна. Энэ ажлын хүрээнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, нэрвэгдэгчийг зөөвөрлөх, гал түймэр унтраах, байршил олох, химийн норматив биелүүлэх зэргээр сорилын арга хэмжээг авахаар төлөвлөсөн байгаа.
Төгсгөлд нь сургуулийн үйл ажиллагааг дүгнэнэ. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, сайн оролцсон байгууллага, иргэнийг шагнаж урамшуулах, алдаа оноогоо дүгнэх зорилгоор оролцсон нийт бүрэлдэхүүнийг хамруулан дүнгийн хурал зохион байгуулснаар энэхүү иж бүрэн сургууль өндөрлөнө.

Эх сурвалж: “Соёмбо” сонин, хурандаа Б.ОТГОНБАЯР

scroll to top