Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Хөвсгөл аймгийн нутгаар бага зэргийн цас орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар  баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 1-6 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 7, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 7-нд ихэнх нутгаар дулаан байх боловч, 8-наас сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багт хашааны өнжмөл өвс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1,5 км замыг туулан 15:04 цагт очиж, 17 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 16:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 16:59 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд иргэн Э-гийн “Тоёота Раум”загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 17:41 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7,5 км замыг туулан 17:52 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгайд 5х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 21:02 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20 км замыг туулан 21:18 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Э /35 настай, эрэгтэй/, иргэн Г /37 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн, биеэ авч явах чадваргүй/, иргэн Б /38 настай, эмэгтэй/ нарын толгой, хөл, гар галд түлэгдсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 01:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 01:53 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 01:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 01:54 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг 04.04-ний өдрийн 00:03 цагт цурманд оруулсан. 04.05-ны өдөр цурмаа тойрч, 1 тоннын багтаамжтай 5 автомашинаар ус зөөвөрлөн цурман доторхи уугиж байгаа цог, нурмыг унтраасан. /Түймэрт нийт 12 га орчим бэлчээрийн талбай шатсан/.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 836-837 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж ирсэн тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, тус сумын ЗДТГ-ын 13 албан хаагч, нийт 37 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтрахаар ажиллаж, 04.05-ны өдрийн 09:15 цагт түймэр 2 хэсэг газар хуваагдсан байсныг 3 км газар холбож цуравдаж цурманд оруулж, Ульхан уулын “Зүрхэн арал”-ын зүүн хэсгийн 2 км газрын түймрийг унтраасан.

4.Тэсэрч дэлбэрэх материалын осол:

Шатахуун асгарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, шатахуун түгээх станцад бензин буулгаж байсан автомашинаас бензин асгараад зам руу урсаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 16:08 цагт хүлээн авч тус Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 16:12 цагт очиход  “Норд бенз” загварын шатахуун тээврийн ачааны автомашины жолооч Б шатахуун буулгаж байх явцад 50 тн-ын нөөцийн савнаас 200 л АИ-92 шатахуун хальж, 30х15 метрийн хэмжээтэй талбайд тархан асгарсаныг элс асган саармагжуулан аюулгүй болгосон.

5.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Шар усны үер: Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн ‘’Бор-Үнээ’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 40 км-т, сумын төвөөс урд зүгт 6 км-т/ Борхын гол, Яруугийн голын дунд иргэн С-ийн гэр /ам бүл 4 том хүн, 2 хүүхэд/ усанд автах гээд байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 13:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 3 алба хаагч, ар гэрээс 4 хүн, нийт 7 хүн 2 автомашинтай 40 км замыг туулан 15:00 цагт очиж, Яруугийн голоор 6 иргэн, 5 ханатай 1 гэр, 13 бод мал, 210 бог мал, нийт 223 малыг завиар тээвэрлэн 6 цаг ажиллаж, аюулгүй газарт гаргасан.

6.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Нүхэн гүүр”-ийн урд /800 метр/ Орхон голд тус сумын харьяат иргэн О /54 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан 12 алба хаагч, ар гэрийн 8 хүн, нийт 20 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.05-ны өдрийн байдлаар “Нүхэн гүүр”-ээс Орхон-Сэлэнгэ мөрөний бэлчир хүртэл усаар 4 км-т 2 удаа 8 км, ОХУ-ын хилийн чиглэлд төмөр замын 12 дугаар точик хүртэл 12 км-т 2 удаа 24 км усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:20 цагт түр зогсоосон. 04.06-ны өдрийн 08:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top