Нүүн шилжих дадлага сургуулийг 111 аюулгүй талбайд зохион байгуулна

DZhOTWaU0AASyUT-750x370.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог юм.

Сүүлийн жилүүдэд нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг хамруулан нийслэлийн хэмжээнд байдаг 111 аюулгүй талбайд зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох юм.

Мөн дадлага сургуулийн хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхээс гадна эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх  дадлага сургуулиудыг зохион байгуулна.

Хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуульд улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүд оролцож, томоохон хэмжээний гамшиг осол тохиолдлоо гэхэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх нөөц боломжоо тодорхойлох юм.

Сургалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд гамшгаас хамгаалах сургалтыг хороо, дүүргийн хэмжээнд шат дараалалтайгаар зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

scroll to top