1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх ажиллагаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Улаан байшинт” гэдэг газар Дэлгэр мөрөнд М /8 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.07.16-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 17 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Хялганат нуга” гэдэг газар “Сэлэнгэ” мөрөнд иргэн Ц /24 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 22:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, ар гэрийн 4 хүн, нийт 16 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.05.21-ний өдрийн 18:00 цагт цогцосыг олж гаргасан.
Газрын хэвлийд эрэн хайх: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 9-10 тоот, “Хүлэг” хүнсний захын хашаан дотор, хүнсний ногооны зооринд 2 хүн ухаан алдаж унасан тухай дуудлагыг 2015.07.21-ний өдрийн 11:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ослын газар очиход 5-6 метрийн гүнтэй, хүнсний ногооны зориулалттай нүхэн зооринд иргэн Н /43 настай, эргэтэй/, иргэн Х /45 настай, эрэгтэй/ нар агааргүй улмаас нас барсан байдалтай байсныг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Хэргийн газар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ний Гамшгаас хамгаалах штабын тэргүүлэх мэрэгжилтэн Р.Энхболд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хими, цацрагийн асуудал хариуцсан инженер Д.Батсайхан нарын хамтарсан ажлын хэсэг уг зоориноос “TAPPA” багажаар орчны агаарт хэмжилт хийхэд ямар нэгэн цацраг, химийн шинж тэмдэг илэрээгүй тухай мэдээлсэн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол” гэдэг газар нутагладаг малчин Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамрагдахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба одоогоор тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өвчтөний биеийн байдал сайжирч байгаа.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 2 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу 2015.06.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг” гэдэг газар малчин М-ын 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-ийн 2 үхэр 2015.07.15-17-ны өдрүүдэд хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4.Үер:
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвийн хэсгээр 2015.07.21-ний өдрийн 16:30 цагаас эхлэн 15 минутын хугацаатай хүчтэй, дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас Даланзадгад сумын төвд үерийн ус их хэмжээгээр бий болж, хашаа, гэр, байрилгын суурийн давхар, граш, автомашинд ус орсон, автомашин шаварт суусан гэх дуудлага, мэдээлэл 57 хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын 35 албан хаагч, 7 автомашин техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагааг зохион байгуулж ажиллаж, 21 автомашин, 36 том хүн, 9 хүүхэд, 36 гэр орон хашаа байшинг үерийн усанд автахаас авран хамгаалж ажилласан. Хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл гараагүй, эд хөрөнгийн хохиролын хэмжээ тогтоогдоогүй байна.
5. Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 39 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Цурамд оруулсан: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Бургалтай ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 60 км/ 2015.07.20-ны өдрийн 23:00 цагийн орчим ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.21-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, 3 мотоцикл, сум, орон нутгийн 27 иргэн 2 автомашин, 2 мотоцикл, нийт 32 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.07.21-ний өдрийн 16:00 цагт цурманд оруулсан байна.
6. Объектын гал түймэр:
Нийслэл хотод гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, Бурхантын 1 дүгээр хэсгийн 9 дүгээр гудамжийн 106 тоотод эзэн нь тодорхойгүй 4 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.21-ний өдрийн 13:17 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 65 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3 дугаар хэсгийн 507 тоотод иргэн Э-н 24х11 м хэмжээтэй грааш дотор эзэн нь тодорхой бус “Toyota Pruis” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.21-ний өдрийн 16:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “ЭЛ-ТОН” ХХК-ний ноолуурын үйлдвэрийн хашаанд 20х8 м хэмжээтэй саравч, 15 тн ноолуурын хаягдал хялгас, 61х35 м хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.21-ний өдрийн 22:46 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжийн 508 тоотод эзэн тодорхой бус 2х3 м хэмжээтэй грааш шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.22-ны өдрийн 01:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Жаал уулын 4-24 тоотод иргэн Х-ийн “Истана” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.21-ний өдрийн 07:16 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
7.Техникийн холбогдолтой ослын талаар:
Ахуйн осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 30 дугаар байрны 6 дугаар давхраас бага насны 2 хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 2015.07.21-ний өдрийн 10:15 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж тус байрны 23 тоотод оршин суух Б /6 настай, эрэгтэй/, А /6 настай, эмэгтэй/ тагтан дээр байсныг асран хамгаалагч Н-д хүлээлгэж өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР