Эмгэнэл

emgenel.jpg

Монгол төрийн түшээ, авъяаслаг зохион байгуулагч, Улсын нөөцийн газрын дарга асан Мятавын Моёор 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өвчний учир таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

М.Моёор нь 1944 онд Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутаг “Мааньт” гэдэг газар төржээ. Тэрбээр Санхүү эдийн засгийн техникум, Монгол Улсын Их сургууль, Төр, нийгэм судлалын академи, ОХУ-д Худалдааны дээд сургуулийг тус тус төгсөж, нягтлан бодогч, инженер эдийн засагч, улстөр судлаач, худалдааны удирдлагын менежер мэргэжил эзэмшиж, Удирдлагын ухааны магистр, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор цол хамгаалсан байна.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын “Үүрийн туяа” нэгдэлд нягтлан  бодогчоор хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1971-1997 онд Дундговь аймгийн Тээврийн удирдах газрын ерөнхий нягтлан бодогч, Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний комбинатын дарга, Худалдаа бэлтгэл, нийтийн хоолны тресстийн дарга, Мандалговь хотын Ардын хурлын тэргүүлэгч, Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх захиргааны дарга, аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоодын дарга, аймгийн Засаг даргын орлогч, 1994-2000 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газрын дарга, 2000-2004 онд НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт төслийн зөвлөх, 2004 оноос хувийн хэвшилд ажиллан, нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан холбооны Ахмадын зөвлөлийн даргын сонгуульт ажлыг хийж байв.

Мөн 1990 оны сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын үндсэн хуулийг батлалцах үйл хэрэгт оролцжээ.

Улсын нөөцийн газрын даргаар ажиллах хугацаандаа Улсын нөөцийн бараа материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, байнгын бэлэн нөөцтэй байх материаллаг баазтай болох, боловсон хүчнээ бэхжүүлж, ажлаа мэддэг, дадал туршлагатай мэргэжлийн боловсон хүчнээр энэ салбарыг чадавхжуулах, эрхзүйн орчныг боловсронгуй болгоход ихээхэн анхаарал тавин ажиллаж байсан төрийн зүтгэлтэн байлаа.

М.Моёорын хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн болон Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан, Худалдааны тэргүүний ажилтан, Нийтийн аж ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан, Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан цол, тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.

Талийгаачийн бүтээлч хүчин зүтгэл, хүнлэг энэрэнгүй шударга, нөхөрсөг чанар, эгэл дотно дүр төрх бидний сэтгэл зүрхэнд ямагт дурсагдан үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН АЖЛЫН АЛБА,

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДАРГЫН ЗӨВЛӨЛ,

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН

scroll to top