Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулна

57104104_1261165094038463_1380835211184439296_n.jpg

   Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм.

Нэгдүгээр шат /2019.04.24/

  Газар хөдлөлтийн гамшиг болсон цагийн байдлын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд 24-ний өглөө “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулснаар сургууль эхэлнэ.

Хоёрдугаар шат /2019.04.25/

  “Яаралтай цуглар” дохиогоор цугласан нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн гамшиг үүссэн цагийн нөхцөл байдлын дагуу хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, удирдлага зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор танхимын команд штабын дадлага, сургуулийг зохион байгуулна. Танхимын команд штабын сургуульд 80 гаруй байгууллагын 950 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдах юм.

Гуравдугаар шат /2019.04.25/

 Зарлан мэдээллийн дуут дохионы цамхгаар “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл дамжуулан хүргэх ба 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 тооны аюулгүйн талбайд гарна. Газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах юм. Газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан хуудсыг иргэдэд хүргүүлэх тул иргэн та тэрхүү хуудсыг  нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэнэ.

  Харин 04 дүгээр сарын 26-ны өдөр эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх  дадлага сургуулиуд зохион байгуулагдаж, томоохон хэмжээний гамшиг осол тохиолдлоо гэхэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх нөөц боломж хэр байна вэ гэдгээ тодорхойлох юм.

Гамшгаас хамгаалах сургуулийн гол зорилго нь болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top