Б.Мягмардорж: Гамшгийн сургалтад 900 гаруй хүн оролцоно

733713_DSCF0300_x974.jpg

Б.НАМУУНТАМИР

   Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтийн аюул занал, нөхцөл байдал, цагийн байдалтай уялдуулж бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалтыг энэ сарын 24-26 ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Иргэдийн бэлэн байдлыг хангах, мэдээллээр бүрэн хангагдсан байх үүднээс энэ тухай НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардоржтой ярилцлаа.

-Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгуулах ажлын явц ямар байна вэ. Сүүлийн үеийн мэдээллээсээ хуваалцахгүй юу?

-Нийслэлд сүүлийн 30 гаруй жил хийгдэж байгаагүй гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар тогтоол гарсан. Энэ тогтоолд төрийн алба, яам агентлагуудад гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтад оролц гэсэн үүрэг өгсөн. Мөн Монгол Улсын Шадар сайдын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хоёр дугаар тушаалд нийслэл Улаанбаатарт гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт зохион байгуулах удирдах бүрэлдэхүүнийг томилсон. Ажлын хэсгийн дотор тухайн байгууллагын бүх орлогч нар орсон байгаа. Мөн Захирагчийн ажлын алба, ОБЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга нарыг сургалтын удирдах бүрэлдэхүүнээр томилсон байгаа. 14 ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

-Энэхүү сургалтын зорилго, ач холбогдлыг дүгнэхгүй юу?

-Юун түрүүнд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигт өртсөн тохиолдолд хохирлыг яаж богино хугацаанд даван туулах чадвар, дадлыг олгоход энэ сургуулилт өндөр ач холбогдолтой юм. Нийслэлд хүүхдүүдэд зориулсан сургуулилтыг олон удаа зохион байгуулж байсан. Харин энэ удаагийнх Засгийн газрын тогтоолын дагуу нийслэлийн бүх иргэдийг хамарсан өндөр зохион байгуулалттай, гамшгаас урьдчилан сэргийлэх томоохон сургууль болох гэж байна

Сүүлийн жилүүдэд гамшгийн тоо давтамж нэмэгдсэнтэй холбоотой газар хөдлөлтийн идэвхжилт явагдсан. Он гараад Богд ууланд таван магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ байдлыг харгалзан үзээд,  газар хөдлөлтийн гамшиг болсон тохиолдолд Улаанбаатар хотын удирдлага юу хийх вэ, Улсын яам, агентлагууд яаж оролцох вэ гэдгийг тодорхойлох шаардлага гарч ирсэн. Гамшгаас хамгаалах сургалтыг газар хөдлөлтийн аюул занал, цагийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулна. Уг сургалтын гол зорилго бол иргэдийн болзошгүй аюул занал, тэр тусмаа газар хөдлөлтийн аюулаас хамгаалах, цаашлаад хохирол багатай даван туулах чадвартай болгох ач холбогдолтой.

-Сургуулилт хэрхэн явагдах вэ?

-Энэ сургуулилтын хүрээнд газар хөдлөлт боллоо гэж бодоход энэ сарын 25-нд яаралтай цугларах дохиогоор Сүхбаатарын талбайд 7-10 цагийн хооронд цугларна.  Бэлэн байдлаа шалгуулаад хариу арга хэмжээг тодорхойлох шийдвэр гаргах, удирдах чиглүүлэх төлөвлөлтийг хэрэгжүүлэх танхимын командлагчтай сургалт зохион байгуулагдана.Танхимын командлагчтай сургалтын ач холбогдол нь гамшиг гарсан үед цагдаагийн байгууллага, эмнэлэг яаж ажиллах вэ зэрэг сургалтыг CROCUS EVENT HALL-д зохион байгуулагдана. Гамшгаас хамгаалах 15 алба мэргэжлийн 24 анги, есөн дүүргийн Онцгой комисс хамтраад газар хөдлөлт болсон тохиолдолд хаанаас хэдэн техник хэрэгсэл гаргахын хэнээс хэдэн хүн хүч гарах, мөн олон зуун хүн гэмтэж бэртлээ, орон гэргүй болчихлоо, олон хүн ор сураггүй алга болчихлоо гэж бодоход яаж ажиллах вэ гэдгийг л үндсэндээ тодорхойлно гэсэн үг. Олон байшин, барилга нурсан байлаа гэж бодоход аврах ажиллагааг хэн зохион байгуулах вэ, мөн эрүүл мэндийн байгууллагаас хэдэн эмч хэдэн машин гаргах вэ, цагдаагийн газар хэдэн машин гаргах вэ гэх зэргийг ярилцаж шийдвэрлэх юм.

-Энэ сарын 25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана гэсэн. Энэ талаар?

-08:00 цагт зарлан мэдээллийн дохиог нийслэл даяар дуугаргаснаар гамшгийн сургуулилт эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран орон байрнаасаа гарч, аюулгүйн талбайд цуглана. Бүх нийтийг хамарсан сургуулилт зохион байгуулж байгаа. Албан байгууллага, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаа 10:00 цагаас эхлэн хэвийн ажиллана. Энэ өдөр өглөөний 07:00-09:30 цагийн хооронд нийслэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлахаас гадна Улаанбаатараас орж, гарах хөдөлгөөнийг түр зогсоохоор болсон. Тиймээс гурван цагийн хугацаанд иргэдийг хүлээцтэй байхыг хүсэж байна.

-Нийтдээ хэчнээн хүн, ямар ямар байгууллагууд оролцох төлөвлөгөөтэй байна вэ?

-Үүнд 120 гаруй байгууллагын 900 гаруй хүн оролцохоор төлөвлөгдөж байна. Мөн 440 мянга гаруй иргэн түр цугларах аюулгүйн талбайд гарна. НИТХ-ын 92 дугаар тогтоолоор томилгоожуулсан 111 аюулгүйн талбай байдаг. Аюулгүйн талбай гэдэг нь иргэд газар хөдлөлт боллоо гэж бодоход хаана очих, хаана нэгдсэн зохион байгуулалтанд орох нь тодорхойгүй байдаг. Тиймээс гамшгийн үед нэгнээсээ төөрөхгүй байх, мөн хорогдох байр, хоол унд зэргийг яаж зохицуулах вэ, гэдгийг тодорхой болгох  газар нь аюулгүйн талбай юм. Түүний дараа газар хөдлөлтөд өртсөн хүмүүс орон гэргүй болчихсон тохиолдолд НИТХ-аар батлагдсан объект руу нүүлгэн шилжүүлэлт хийнэ. Зургаан  дүүргээс тодорхой тооны хүмүүсийг дулаан нүүлгэн шилжүүлнэ. Нүүлгэн шилжүүлэх газар нь тогтчихсон байгаа. Мөн байшин барилга нурчихсан, ард иргэд дарагдчихсан байлаа гэхэд зургаан дүүрэг дээр зургаан том объектыг сонгоод аврах ажиллагааг зохион байгуулна.

-Сургалтын бэлтгэл ажил хэр явагдаж байна?

-Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чиглэлээр шат, шатны сургалтыг дүүрэг, хороодод зохион байгуулж байгаа. Мөн НОБГ-ын зүгээс НҮБ-ын Суурин зохицуулагчийн ажлын албанд хамтран ажиллах санал хүргүүлнэ. Тус байгууллагын дэргэд 11 кластерын төлөвлөгөө байдаг. Уг төлөвлөгөөний дагуу явагдана. Бэлтгэл ажил ерөнхийдөө 90 хувьтай явж байна.

-Өмнө нь ийм томоохон хэмжээний сургалт зохион байгуулагдаж байгаагүй. Одоо зохион байгуулах гэж байгаа иж бүрэн сургалт нь Монгол Улсад анх удаа маш олон хүнийг хамарсан сургалт юм байна гэж ойлголоо? 

-Тийм. Өмнө нь иргэний хамгаалалтын сургалт гэдэг утгаараа хэсэгчилж буюу байгууллагуудад хийж байсан. Энэ удаагийн сургалт иргэдийн оролцоонд тулгуурласан Улаанбаатар хотыг бүхэлд нь хамарсан сургалт болно.  Хүй долоон худаг, Монгол наадам цогцолбор дээр Улсын нэг, хоёр, гуравдугаар нэгдсэн эмнэлэг, цэргийн нэгдсэн эмнэлэг, ГССҮТ, ХӨСҮТ зэрэг эмнэлгүүд хамтраад олон тооны хүмүүс бэртэж, гэмтсэн үед хэрхэн ажиллах талаар хээрийн эмнэлгийг дэлгэн үзүүлнэ.  Ингэснээрээ шат, шатанд газар хөдлөлт болон болзошгүй аюулын үед авах арга хэмжээг зохион байгуулдаг талаарх туршлагыг суулгах юм. Мөн сургуулилтад оролцоогүй иргэд, аж, ахуйн нэгжүүдийг зөрчлийн тухай хуулийн дагуу торгоно. Тиймээс идэвхтэй оролцоосой хэмээн хүсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

scroll to top