Өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна

57122301_433906117359287_4750014158978678784_n.jpg

  Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.  Ахуйн гал түймрийн 50 орчим хувийг ил задгай хаясан хогийн цэг, өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага эзэлж байна.

 Тухайлбал шар өвс шатаасны улмаас энэ сарын 13-ны өдөр Богд уулын Богинын аманд түймэр гарч, түймэрт 5 га талбай өртсөн бол 14-ны өдөр СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д түймэр гарч, түймрийн улмаас 13 айлын зуслангийн байшин, 3 гэр, 15 га талбай шатаад байна. Мөн энэ сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд түймэр гарч, түймрийн улмаас 4 айлын зуслангийн байшин шатсан.

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулсаар байна.

 Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

scroll to top