Өвөлдөө цасгүй, хавартаа хур тунадас орох нь бага учраас ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн онцгой байдлын газар, Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн анхааруулж байгаа. Гэвч татсан тамхиныхаа ишийг энд тэнд хаядаг хэнэггүй зан, хашааныхаа өвсийг шатаах, гагнуур хийх гэсэн санамсар болгоомжгүй үйлдлээс болж гал алдан бусдын эд хөрөнгө болон байгаль орчинд ноцтой аюул учруулах тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ асуудлаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайханаас дараах зүйлийг тодрууллаа.
-Ойрын өдрүүдэд зуслангийн бүсэд гал гарч, олон хүн эд хөрөнгөөрөө хохирлоо. Өчигдөр гэхэд л Шадивлан зусланд гал түймрийн улмаас гурван байшин шатсан. Шалтгаан нь юунаас болж байна вэ?
– Шадивлан зусланд гарсан түймрийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Шар өвс эсвэл цахилгааны утаснаас ч болсон байх магадлалтай. Зуслангийн суурьшлын бүсэд хамаарах энэ газарт гарсан түймрийн тархалтыг богино хугацаанд зогсоож цурамд оруулсан. Тэнд 20 орчим байшин байснаас дөрвөн айлын байшин галд өртөж, гурван зуны байшинд гадна талаасаа хайрагдаж нэг га талбай шатсан. Шатлагын талбайд байсан 14 байшинг авран хамгааллаа. Ерөнхийдөө Нийслэлийн онцгой байдлын газарт дөрөвдүгээр сар гарснаас хойш гал түймрийн дуудлага эрс нэмэгдсэн. Энэ нь өвөлдөө цас ороогүй, хавартаа хур тунадас багатай байсан нь маш их хуурайшилтын зэрэг өндрөөс болж байгаа. Өнгөрсөн долоо хоногт цас орж, бага хэмжээний чийгтэй болсон. Гэсэн ч ерөнхий чийг байхгүй учраас ойн бүс хуурайшилттай байна. Галын дуудлага ихсэж байгаа нь хэдий хуурайшилттай байгаа ч хүний буруутай үйл ажиллагаанаас л болж байна. Уг нь НЗДТГ, Улсын онцгой комисс, ОБЕГ болон НОБГ, БОАЖЯ, НМХГ болон Ус цаг уур орчны хүрээлэн зэрэг холбогдох албаны хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг олон нийтэд анхааруулсаар байсан ч иргэдийн хэнэггүй, санамсар болгоомжгүй үйлдлээс болж гал гарч байна. Тамхины иш, яндангаас хаях утааны оч гээд олон шалтгаант нөхцөлөөс болж ийм их хуурайшилтын үед маш богино хугацаанд гал алддаг. Тиймээс хүний оролцоогүйгээр байгаль цаг уураас шалтгаалан гал гарах хэмжээнд хүрсэн нөхцөл байдал үүсээгүй.
Нийслэлийн ногоон бүсэд автомашинтай болон явганаар аялж, зугаалахыг зургадугаар сарын 15-ныг хүртэл хориглосон.
-Дөрөвдүгээр сарын байдлаар гал түймэрт нийслэлийн ногоон бүсэд хэчнээн га талбай өртөж, байгаль экологид хохирол учруулсан бэ?
-Нийслэлийн ногоон бүсэд нийт есөн га талбай түймэрт өртсөн. Ногоон бүсийн ихэнх нь зуслангийн бүсийг хамаардаг ч суурьшлын бүс болсон онцлогтой. Суурьшлын бүсэд 16 га талбай өртсөн. Ер нь гал түймэр ой мод руу ороогүй нөхцөлд обьектын гал түймэр буюу айл өрх байдаг. Дөрөвдүгээр сард ой, хээрийн түймэр нийслэлийн хэмжээнд хоёр удаа гарсан. Хан Уул дүүргийн нутаг буюу Богд уул, Сонгинохайрхан дүүрэгт гарсан. Гоодойн ам болон Шадивлан зусланд гарсан түймрийг обьектын гал түймрийн дуудлагаар авсан. Энэ нь айл өрхийн суурьшлын бүс учраас уг ангилалд орж байгаа юм. нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хот дах ногоон бүс, зуслангийн газар, ойн бүсэд шалгалтын ажлын явуулж байгаа. Гал унтраах ангийн ажилчид 24 цагаар ээлжлэн эргүүл хийж, гал гарсан үед тухайн газар дээр цаг алдалгүй шуурхай ажиллаж байна. Ийм учраас түймрийг газар авхуулахгүй хэмжээнд барьж тогтоон ажиллаж байгаа юм.
Хуурайшилт ихтэй байгаа тул Гал унтраах ангид хүн, техникийн хүчийг богино хугацаанд нэмэлтээр татаж төвлөрүүлэхгүй бол гал түймэр дийлдэхгүй хэмжээнд хүрч, тархан дэлгэрэх нөхцөл байдалд байна. Гэхдээ гал түймрийн аюултай зэрэглэлд халалттай байхгүй ч маш их хуурайшилттай байгаа юм.
–Гоодойн аманд гарсан гал түймэрт эцсийн байдлаар хэчнээн айлын байшин шатсан бэ. Эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүсийн дунд ах дүүгийн таван байшин шатсан гэх юм билээ?
– Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Гоодойн зусланд гарсан түймэр нь их салхитай байсан учраас богино хугацаанд том талбай эзэлсэн, их хэмжээний хохирол дагуулсан. Нийт 20 айлын байшин галд өртөж, 15 газар шатсан. Галд өртсөн айлууд дунд ах дүү, хамаатан садны таван айлын байшин байсныг үгүйсгэхгүй. Галд өртсөн нийт талбайд ой, хээрийн бүс хамаарахгүй гэдгийг тодотгоё. Зөвхөн суурьшлын бүс буюу айл өртсөн. Бид 80 орчим айлын байшинг авран хамгаалсан. Галд өртсөн байшингуудын ихэнх нь эзгүй байсан тул хүний амь нас хохироогүй. Урьдчилсан байдлаар гагнуурын оч үсэрсний улмаас гал алдсан гэж таамаглаж байгаа. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
-Гал түймэр өргөн цар хүрээг хамарсан тохиолдолд Гал унтраах, аврах ангийн техник, хүн хүч хүрэхгүй байх нөхцөл байдал үүсдэг үү ?
-Олон жилийн турш яригдсаны үр дүнд суурьшлын бүс буюу зуслангийн газарт Гал түймэр унтраах, аврах ангитай болсон. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Хуурайн мухарт байгуулсан энэ анги гал түймрийн үед шуурхай очиж ажилладаг, үүрэг хариуцлагатай алба. Гал зөвхөн нэг газарт гарахгүй энд тэнд зэрэг гардаг тохиолдол байдаг учраас нэмэлтээр ийм ангиудыг байгуулах шаардлагатай.
–Нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн дуудлага өдөрт хэчнээн ирдэг вэ. Он гарсаар хэдэн хүний амь нас хохиров?
– Галын дуудлага өнгөрсөн жилийнхээс эрс өссөн. Өдөрт 10-20 дуудлага ирдэг. Ялангуяа амралтын өдрүүдэд 20-30 дуудлага ирж байна. Амралтын өдрүүдэд дуудлага ихсэж буй шалтгаан нь иргэд зусландаа гардаг, хашаагаа цэвэрлэдэг байдлаас болж гал алдаад байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт өдөрт ирж буй дуудлагын 100 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон гэхэд хилсдэхгүй. Он гарсаар гал түймэрт 10 хүний амь нас хохирсон.
-Өнгөрсөн долоо хоногт “Далан давхар”-т гал гарсан. Өмнө нь гал гарсны улмаас шарил шатаж байсан уу?
– Ил гал, цахилгааны аюулгүй байдал, үнс нурам, зуух, тамхины иш, яндангийн оч зэрэг гал гарахад хэд хэдэн голлох шалтгаан бий. “Далан давхар”-т хоёр ч удаа гал гарсан. Өмнө нь шар өвс шатсанаас болж гал гарч байсан тохиолдол бий. Ил гал учраас шарил шатах нь харьцангуй бага. Хөрсний гүнд учраас өртсөн тохиолдол байхгүй. Уулын энгэр учраас өвс ургамал ургана. Үүнийг цэвэрлэх, эсвэл хэн нэгний санамсаргүй үйлдлээс буюу тамхины иш, шүдэнз хаяснаас гал гарч байна. Харьцангуй хохирол багатай. Ер нь ил гал гаргахыг хориглосон. Тиймээс яндангийн хамгаалалтгүй машин ойн бүс болон суурьшлын бүсэд нэвтрэхгүй, тамхи татаж болохгүй.
Эх сурвалж Б.Дэлгэрцэцэг news.mn