С.ОТГОНБАЯР
Энэ сарын 25-нд буюу ирэх пүрэв гарагт Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болох гэж байна. Энэхүү сургуулийн бэлтгэл ажил болоод Гамшгаас хамгаалах эрх зүйн орчин, онцгой байдлын салбарт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй бодлого үйл ажиллагааг тодруулж Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай ярилцлаа.
– Ганцхан хоног үлдсэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар ярилцлагаа эхлэх нь цаг үеийн шаардлага байх тийм үү. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?
– Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил үндсэндээ бүрэн хангагдлаа. Ер нь Онцгой байдлын ерөнхий газраас жил бүр 3-4 аймаг, дүүргүүдэд команд штабын сургууль, мөн тооны аймаг, дүүрэгт иж бүрэн сургуулийг зохион байгуулдаг. Сургуулийн гол зорилго болзошгүй гамшиг тохиолдсон үед тухайн мэргэжлийн байгууллага, төрийн байгууллагууд хэрхэн яаж ажиллах, ард иргэд гамшиг тохиолдсон үед аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар томоохон ойлголт, мэдлэг авдаг. Нийслэл хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа энэ удаагийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль сүүлийн 30 жилд болоогүй. Сургуулилтаар бид нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, мэргэжлийн анги нэгтгэл, гамшгаас хамгаалах орон нутгийн албадын харилцан ажиллагааг жигдрүүлэх, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит цагийн байдалтай нийцүүлэн тодотгох, хамгийн гол зорилго нь ард иргэдийг оролцуулах явдал юм. Өнөөдрийн чиг хандлага бол олон нийтийн оролцоог түлхүү дэмжих. Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангахаар гамшгийн үед цугларах 111 аюулгүй талбайд иргэдийг гаргах ажлыг зохион байгуулна. Иргэд маань гамшгаас хамгаалах ойлголт мэдэгдэхүүнтэй байж гэмээнэ болзошгүй гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаална. Ийм чадавхтай болно. Энэ нь өргөн агуулгаараа гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлж байгаа гэж ойлгож болно.
– Иргэд дадлага сургуулилтын үеэр юуг анхаарах ёстой вэ?
– Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад газар хөдлөлтийн тоо, давтамж эрс нэмэгдэж байна. Сүүлийн 10 жилийн судалгаагаар газар хөдлөлтийн давтамж 10 дахин өссөн мэдээлэл байгаа нь бидний санааг зовоож байна. Тиймээс нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үед газар хөдлөлтийн гамшгийн цагийн байдлын дагуу ард иргэд аюулгүй байдлаа хангах, мэдлэг ойлголт авах, мэргэжлийн байгууллагын дэмжлэг, туслалцааг авах зорилготой. Орон сууцны иргэд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан 111 цэг, аюулгүйн талбай дээр цуглана. Ингэхдээ хамгийн гол нь аюулгүйн талбайгаа мэдэж авах. Аливаа гамшиг, осол тохиолдоход би хамгийн түрүүнд тийшээ л явна, эхний ээлжинд ийм алхам хийнэ гэдэг ойлголтыг ой тоондоо бий болгох хэрэгтэй. Нөгөө талаар төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагааг ард иргэд дэмжиж оролцох үүрэгтэй юм.
– 111 аюулгүй байршлын талаар иргэдэд таниулах материал хүргэгдсэн байсан.Манай гэрт ирсэн. Их ойлгомжтой зураглал гарсан байна билээ. Хэрэв энэ таниулах хуудас аваагүй өрх айл байвал хаанаас мэдээлэл авах вэ?
– Яг тийм. 111 байршлыг байр тус бүрээр нь нэг бүрчлэн зураглал гаргасан. Хэрэв таниулах хуудас танай гэрт очоогүй бол хороо болон харьяа дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэстээ хандаарай. Манайх тэр байр. Бид хаана очих вэ гээд. Дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл дамжуулж байгаа. Энэ дашрамд бидний ажлыг дэмжин хамтран ажиллаж байгаа нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийлье.
– Иргэд аюулгүйн талбай дээр очихдоо ямар бэлтгэлтэй очих ёстой вэ?
– Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан гамшгийн үед хэрэглэх хүн нэг бүрийн үүргэвчинд байх жагсаалт гэж баталсан байдаг. Жагсаалтын дагуу өөрийн хэрэглээний хүнсний материал, хувцас, гар чийдэн, шүгэл, чухал бичиг баримт гэх мэт өөрт хэрэгтэй зүйлээ бэлтгэх ёстой. Гэхдээ улсын хэмжээнд анхных гэдэг утгаараа бид иргэдэд дарамт учруулахуйц их зүйлийг бэлд гэж тулган шаардахгүй. Эхний ээлжинд гэр бүл, үр хүүхдээ дагуулж очоод аюул, осол тохиолдоход ямар арга хэмжээ авах ёстойгоо мэдэх мэдлэгтэй болоосой л гэж хүсч байна. 25-ны өглөөний 08:00 цагаас зарлан мэдээллийн дохио нийслэл даяар дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч, заагдсан 111 аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуульд хамрагдах юм. Иргэд маань аюулгүйн талбай дээр очоод бүртгэлээ хийлгэнэ. Дараа нь нэг цаг 30 минутын хугацаанд Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангиудын өгч байгаа мэдээллийг сонсч, өөрийн сонирхсон, мэдэхийг хүссэн зүйлээ асууж тодруулж болно. Өөрөөр хэлбэл зөвхөн талбай дээр очоод бүртгүүлчихэд болно гэж ойлгож болохгүй.
– Дадлага сургуулийн үед замын хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн. Энэ зохицуулалтыг яаж хийсэн бэ?
– Сургуулилт гурван үе шаттай явагдана. Ард иргэдийн хувьд дөрөвдүгээр сарын 25-ны өдөр өглөөний 07:00-09:30 цагийн хооронд сургуулилтад хамрагдана. Энэ хугацаанд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана. Үүнд, Тээврийн цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана. Гадагшаа болон орон нутгийн замд нислэгтэй иргэд 07:00 цагаас өмнө онгоцны буудалд очсон байхыг анхааруулж байна. Сургууль, цэцэрлэг, олон нийт төрийн байгууллага, хувийн хэвшил гээд бүх байгууллагын үйл ажиллагаа 10 цагаас эхэлнэ. Тиймээс иргэн бүр ажлаа зохицуулж, цагаа зөв тооцоолон энэхүү дадлага сургуульд идэвхтэй оролцон, биднийг дэмжиж ажиллахыг уриалж байна.
– Зарлан мэдээллийн дохиог санамсаргүй байдлаар сонсоогүй иргэд яах вэ?
– Иргэдийн амьдарч байгаа газрын байршлаас хамааран дуут дохио сонсогдохгүй байх магадлал байж болно. Тэгэхээр иргэд дохио дуулдсангүй, сонсогдоогүй гэхээсээ илүүтэй дадлага сургуульд хамрагдах ёстой гэдэг ухамсараар сургуулилтад заавал хамрагдаж, аюулгүй талбайдаа цуглах нь чухал юм.
– Энэ жил Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ой тохиож байгаа юм байна. Би хувьдаа үүнээс эрт байгуулагдсан гэж бодож байлаа?
– 2004 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Онцгой байдлын алба анх байгуулагдаж байсан. Иргэний хамгаалалт, Гал түймэртэй тэмцэх, Улсын нөөц гэсэн гурван байгууллага нэгдэн гамшгаас хамгаалах хууль, эрхзүйн шинэчилсэн хуулийн дагуу гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж ирлээ. 2017 онд Гамшгаас хамгаалах хуулийн эрх зүйн шинэчлэл хийгдсэн. Энэ нь дэлхий нийтийн чиг хандлагатай ихээхэн нийцэж байгаа. Гурван байгууллага нэгдэн орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүссэн он цагийг харвал залуу байгууллага боловч Ази номхон далайн бүс нутгийн түвшинд Монгол Улс гамшгаас хамгаалах тогтолцооны хувьд тэргүүлэх байр сууринд яваа. Дэлхий нийт эдийн засгийн эрчимтэй өсөлтөөс илүү тогтвортой хөгжил рүү илүү анхаарч байна. Гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо гэж ярьдаг. Үүнээс илүү гамшгаас хамгаалах эрсдэлийг бууруулах менежмент рүү шилжсэн. Монгол Улсын хувьд дэлхий нийтэд баримталж байгаа бодлогын баримт бичиг болох “Тогтвортой хөгжил 2030” НҮБ-аас баталсан хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээр, Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баталсан Сендайн үйл ажиллагаа гэсэн гурван бодлогын баримт бичгийн хүрээнд хууль эрхзүйн орчноо шинэчлээд тодорхой үйл ажиллагааг зохион байгуулж байгаа гэдгээрээ Азидаа тэргүүлж яваа.
Түүнчлэн гамшиг осол ихээр гардаг бүс нутгуудад шинээр анги салбар байгуулах ажил явуулж байна. 2017-2018 онд аврах, гал унтраах найман шинэ анги байгуулагдсан. Энэ жил таван анги, эрэн хайх, аврах дөрвөн бүлэг байгуулахаар ажиллаж байна. Зургадугаар сарын эхээр ажлууд эхэлнэ.
Тухайлбал, хамгийн их эрсдэл бүхий Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Баянхонгор аймгийн Бууцагаан сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, Төв аймгийн Мөнгөнморьт сумдад, нийслэлд Сүхбаатар дүүргийн Хуурай мухарын аманд шинэ анги нэгтгэл байгуулахаар ажиллаж байна.
– Онцгой байдлын байгууллага нийгэмд асар их нэр хүндтэй. Нийгмийг ажаад байхад гамшиг осол, түүнд ажиллаж байгаа аврагч, алба хаагч нарт дандаа л санаа зовсон, магтаж талархсан нь их байдаг. Ер нь аврагч, алба хаагчдаа яаж, хэрхэн бэлтгэдэг вэ?
– Гамшиг осол гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Ямагт гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд сэтгэл зүй, бие бялдар, мэргэжлийн ур чадварын хувьд бэлтгэгдсэн байх шаардлагатай. Тиймээс бид байгууллагынхаа алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тал дээр их анхаардаг. Үе шаттайгаар сургалтуудыг зохион байгуулж байна. Удирдах бүрэлдэхүүний, аврагч гал сөнөөгчдийн, төрөл мэргэжлийн аврагчдын гээд чиглэл, чиглэлээр нь сургалтын хөтөлбөр гаргаад бүтэн жилийн хугацаанд сургалтуудыг хийгээд явж байгаа. Нөгөө талаас практик дадлагуудыг тухайн газар оронд нь хийдэг. Тухайлбал, усны дадлагыг томоохон урсгал бүхий нуур цөөрөмтэй газруудад хийх, агаараас эрэн хайх дадлага сургуулийг Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран хийх зэргээр байнгын бэлтгэл сургуулилттай байдаг. Албаны хэмжээнд гамшигтай тэмцэх чадавхи, тоног төхөөрөмжийн хангалтын хувьд 50 орчим хувьтай байгаа. Улсын төсвөөс гадна олон улсын зээл, тусламжийн хүрээнд техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, алба хаагчдынхаа тусгай зориулалтын хувцас хэрэгслийн чанар, хангалтыг сайжруулахад анхаарч ажиллаж байна.
Улс орны эдийн засгаас шалтгаалан салбарын хэмжээнд томоохон хөрөнгө оруулалтыг нэг дор шийдвэрлэхэд хүндрэлтэй, хүлээгдэж байгаа зүйл бий.
Энэ жил Польш болон Унгар Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн гэрээний дагуу гурван сая еврогийн өртөг бүхий гурван төрлийн гал унтраах зориулалтын автомашин нийлүүлэх төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа. Үүнийг ирэх зургадугаар сарын нэгэн гэхэд хүлээж авахаар төлөвлөж байна.
Мөн Беларус Монгол Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр аврах, гал унтраах зориулалтын 70 гаруй автомашин, тоног төхөөрөмж нийлүүлэх, гэрээ хэлэлцээр УИХ-ын Байнгын хороогоор хэлэлцүүлэх шийдвэрүүд гарсан байгаа.
Онцгой байдлын салбарт бас нэгэн тулгамдаж байгаа асуудал бол агаараас эрэн хайх, агаараас түймэр унтраах, аврагчдыг зөөж тээвэрлэх нисдэг тэрэгний үйлчилгээ байдаг. Энэ чиглэлээр судалгааны ажил хийгдсэн. Франц Улсын Засгийн газартай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар бага оврын нисдэг тэрэгний нэгж, нисдэг тэрэгний сургагч багш, инженер техникийн ажилтанг сургах, дээр нь нисдэг тэрэгний агуулах гэсэн цогц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний нийт өртөг 40 гаруй сая евро. Эхний хэлэлцлийн асуудал шийдэгдээд явж байна.
– 2017 онд ой, хээрийн түймрийн хохирлоос үүдэж иргэд сайн дураараа санаачлага гарган Онцгой байдлын байгууллагыг нисдэг тэрэгтэй болгох хандивын аян өрнүүлж байсан. Хандивын мөнгийг юунд зарцуулав, нисдэг тэрэг авах асуудал юу болсон бол?
– Иргэдийн санаачлагаар эхлүүлсэн Онцгой байдлын албанд туслах хандивын аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нэг тэрбум 417 сая төгрөгийн мөнгөн хандив цугларсан. Үүнээс одоогийн байдлаар нэг тэрбум 354 сая төгрөгөөр холбогдох хууль, тогтоомжийн дагуу тендер зарлан, шалгарсан газруудтай гэрээ байгуулан Онцгой байдлын байгуулагад нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмжүүдийг худалдан аваад байна. Зарцуулалт хийгдээгүй үлдэгдэл 60 гаруй сая төгрөг хандивын дансанд байна.
Гал унтраах зориулалтын, эрэн хайх зориулалтын 4-5 төрлийн нисдэг тэрэг авахад ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Харин манай улсад ашиглагдаж байгаа МИ-171Е гэсэн загварын нисдэг тэрэгний зах зээлийн дундаж үнэ нь 20 гаруй тэрбум төгрөг. Аврах ажиллагаа болон эрэн хайх зориулалттай евро стандартын EC загварын нисдэг тэрэг гэхэд 17 орчим тэрбум төгрөгийн үнэтэй. Харин бидэнд цугласан хандив 1.4 тэрбум. Гэхдээ иргэд хандивыг зөвхөн нисдэг тэрэгтэй болоход биш Онцгой байдлын байгууллагыг техник, тоног төхөөрөмжийн чадамжтай болгохын тулд цуглуулсан гэж ойлгож байгаа. Тиймээс хандивын мөнгийг Онцгой байдлын байгууллагад нэн шаардлагатай байгаа бусад техник тоног төхөөрөмжийг авахад зарцуулсан.
-Таны хувьд энэ албаныхаа бахархал болсон зүйлийг яривал?
– Онцгой байдлын алба олон нийтийн дунд маш нэр хүндтэй. Хаана ч очоод асуухад, ярихад онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, манай аврагч, гал сөнөөгчдийн ажил маш бахархмаар байдаг. Энх цагийн эгэл баатрууд гэж манай албаар хүн бүр бахархдаг. Энэ бол манай алба хаагчдын ажил, үйлсийг маш товчхноор тодорхойлсон тодорхойлолт. Сүүлийн жилүүдэд онцгой байдлын албанд орж ажиллая гэсэн бодолтой залуус их болсон байна. Манай байгууллагын шалгуур нь ч маш өндөр болсон. Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа хүн болгоны ажил үйлс өөдрөг, цог хиймортой сайн сайхан байгаасай гэж хүсдэг. Дээр нь манай алба хаагчид гамшиг, осолтой үргэлж нүүр тулж байдаг. Алба хаагчдаа эрүүл энх, сайн сайхан байгаасай гэж хүсдэг. Эцэст нь Монгол Улс маань аюул осолгүй, гамшиг эрсдэлээс холуур байгаасай л гэж хүсдэг дээ.
– Эргээд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль руу ороё. Анх удаа бүх нийтийн дадлага сургуулилтыг хийх гэж байна. Үүнд олон нийтийн зүгээс үгүйсгэх, шүүмжлэх зэрэг сөрөг хандлага гарах байх. Тэгэхээр олон нийтэд хандаж уриалга хэлээч?
– Анхны юм гэдэг алдаа дутагдал гаралгүй яахав. Тэгэхээр ард иргэд биднийг дэмжин ажиллаж, дадлага сургуулилтад идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Монголчууд маань яг цагаа тулахаар аливаад их хариуцлагатай ханддаг шүү дээ. Нөгөө талаас ард иргэдэд гамшгийн үед өөрийгөө болон гэр бүл, бусдыг аврах мэдлэг ойлголт өгөх нь бидний зорилго. Магадгүй шүүмжлэл гарах байх. Тэр бүхэнд хүлээцтэй хандаарай, эерэг талаас нь хүлээж аваарай гэж хүсэх байна.
Эх сурвалж: Өдрийн сонин