Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Боом” өвчний 4, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 3 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.07.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.22-ны өдрийн хариугаар “”Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Их Сайр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км/ иргэн З-ийн хотонд 1 үхэр 2015.07.19-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.23-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт /сумын төв/ иргэн Ч-ийн 1 үхэр 2015.07.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.25-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит багийн “Гэцийн давааны-Ам” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.07.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой” гэдэг газар малчин Ч-ийн 2 үхэр 2015.07.15-17-ны өдөр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам”  гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.07.23-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь  тус тус тогтоогдсон.

2. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Жүр үр” ХХК-ийн хашаанд дотор “Хюндай Грейс” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.03-ны өдрийн 20:22 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зусланд эзэн тодорхойгүй зуны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.03-ны 01:23 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, Хөтөл хорооллын задгайд иргэн А-ийн гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.03-ны 01:34 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

  3. Техникийн холбогдолтой ослын талаар:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Буянт-Ухаа-1” хорооллын орчим, авто замд зуурмагын автомашин, 2 суудлын  автомашин дээр унаж, хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2015.08.03-ны өдрийн 20:51 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж зуурмагийн автомашин онхолдож, “Chevrolet” загварын болон “Honda Civic” загварын суудлын автомашинууд дээр унаж, зуурмагийн автомашины жолооч  иргэн Б /36 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гарган, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТөвд хүргэж өгсөн. Зуурмагийн автомашины шатахуун асгарч байсан тул хамгаалтанд Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тасгийг гаргаж ажиллуулсан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны авто замд зам тээврийн осол болж, 2 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.08.02-ны өдрийн 22:57 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж “Hyundai Grace” загварын автомашин, “Hyundai porter” загварын ачааны автомашины араас нь мөргөж, “Hyundai Grace” загварын автомашин дотор зорчиж явсан иргэн Д /37 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гарган, жолооч Х /40 настай, эрэгтэй/, зорчигч Г /39 настай, эрэгтэй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top