Ц.Энхтүвшин
Удахгүй Монгол Улсын “Генералуудын өдөр” тохиох гэж байна. Энэ удаа бид Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Гомбожавын Ариунбуянтай уулзаж, ярилцлаа.
-Танд Монгол Генералуудын өдрийн мэнд хүргэе. Та хэдийд энэ эрхэм цолыг хүртсэн бэ?
-Монгол
генералуудын өдрийг тохиолдуулан Монгол Улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхэт
байдал, үндэсний аюулгүй байдлыг хангахад зүтгэж ирсэн үе, үеийн генералууд, одоо ажиллаж буй нийт
генералууддаа болон тэдний гэр бүл, үр хүүхдэд нь баярын мэндийг хүргэж, эрүүл
энх, аз жаргал, ажлын
амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Генерал гэдэг бол эрхэм хүндтэй дээд цол. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
олгогддог цэргийн эрхэм дээд хүндтэй цол юм. Би 2017 оны
гуравдугаар сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар генерал цол
хүртсэн. Генерал цол бол маш их өндөр үүрэг хариуцлага юм. Ер нь цэргийн
хүн гэдэг энгэртээ гялалзах одон, мөрөн дээрх мөрдсөөрөө бахархаж, эрхэмлэн
дээдэлж, Монгол Улсынхаа төлөө зүтгэе гэсэн тангаргаа эрхэмлэж явдаг ийм хүмүүс
юм. Тиймээс улс орны аль ч салбарт ажиллаж буй генералууд, цэргийнхэн
өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг гэдгээрээ онцлог.
-Монгол генералын мөн чанарыг та юу гэж тайлбарлах вэ?
Монгол генералууд эрдэм мэдлэгтэй, төлөв төвшин, асуудлыг олон талаас нь харж шийдвэрлэх оюуны өндөр чадамжтай, тухайн салбартаа манлайлагч байж, удирдан зохион байгуулах мэргэжлийн ур чадвараараа өндөр онцгой, гайхалтай хүмүүс юм. Түүх шастирт, Төрийн долоон эрдэнийн нэг нь жанжин эрдэнэ гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь монголчууд, Монголын төр цэргийн жанждаа хэрхэн хүндэлж, хайрлаж, тэдний цэргийн эрдэм, мэдлэг чадварыг хэрхэн ашиглаж ирсэн бэ гэдгийг харуулж байгаа юм. Монгол Улсын тусгаар тогтнолын түүх бол Монголын генералуудын түүхтэй холбоотой. Түүхэнд гавьяа байгуулсан олон хүн байдаг. Тэдний манлайд цэргийн жанжид явсан. Олон жишээ хэлж болно. 13-р зууны үеийн есөн өрлөг жанжин, 1921 оны ардын хувьсгалыг манлайлан байгуулсан жанжин Д.Сүхбаатар гээд олон гайхамшигт цэргийн жанжин, генералуудыг нэрлэж болно. Тиймээс ард түмэн энэ цолыг маш их хүндэлдэг хайрладаг. Генерал цолны цаана асар их хариуцлага байдаг. Генералын хэлсэн үг, гаргаж буй шийдвэр, байгаа байдал, төрх тэр чигээрээ бусдын нүдэнд дуурайлал болж харагддаг. Тиймээс генерал хүн алдах ёсгүй.
-Монголчууд цэргийн жанжнуудаа генералууд хэмээн нэрлэдэг болсон нь хэдийнээс уламжлалтай юм бол. Генерал гэдэг нэрийн тухайд?
-Анх Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны хурлаас “Монгол Ардын Хувьсгалт цэргийн дарга нарыг офицер хэмээн нэрлэх ба МАХЦ-ийн цолыг шинэчлэх тухай тогтоол” гарсан байдаг. Энэ тогтоолоор анх генерал гэдэг цол Монголд бий болсон. Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх удаа 11 залууд генерал цол олгосон юм. Үүнд, Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цол, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан нарт хошууч генерал цол, Г.Эрэндоод их бууны хошууч генерал цол, М.Зайсановт нисэх хүчний хошууч генерал цол, Р.Осорт аж ахуйн хошууч генерал цол олгосон байдаг юм билээ. Генерал хэмээх нэр хүндтэй цэргийн дээд цолыг анх Франц улсад XVI зуунд буюу Францын их хувьсгалын үеэр хэрэглэжээ. Ерөнхий, гол чухал гэсэн утга бүхий англи үгнээс гаралтай энэ цолыг цэргийн болон иргэний байгууллагын удирдлагад байдаг дээд тушаалын удирдах бүрэлдэхүүнд олгодог. Генерал цолыг анх Францад хэрэглэснээс хойш дэлхийн бусад орнуудад ч ашиглах болсон. Өнөөдөр дэлхийн 200 гаруй улс орноос 185 нь арми, зэвсэгт хүчинтэй. Эдгээр улс орнуудын 170-аад нь дээд офицерынхоо цолонд таван хошууг бэлгэдэн хэрэглэдэг бөгөөд генерал хэмээх эрхэм цол бараг бүх улсын цэргийн цолонд хэрэглэгддэг. Манай улсын тухайд анх 1944 онд анхны генерал цолыг бий болгож байсан бол өнөөдөр Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр биелүүлэх, Иргэний хамгаалалтын байгуулга зэрэг байгууллагуудаас 181 хүн генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн байна.
-Бригадын генерал цолны тухай. Ийм нэршил хэдийнээс бий болов, яагаад гэдэг талаар та яриач?
-Монгол Улсын цэргийн дээд цол нь хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал байсан бол 2006 онд Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орсноор барууны өндөр хөгжилтэй орнууд, НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолнуудыг хэрэглэхээр болсон.
-Танай байгууллагаас төрсөн генералууд ?
-Манай Онцгой байдлын байгууллагаас төрсөн олон генералууд байна. 1990 оноос өмнө буюу зах зээлийн тогтолцооноос өмнө манай байгуулга Иргэний хамгаалалтын байгууллага байсан. Тэрхүү иргэний хамгаалалтын байгууллагын үндэс суурийг тавьсан хурандаа генерал Равдан, Жамъян, Махбариад , Сүндэв, Даш гээд олон сайхан генерал манай албыг удирдаж иржээ. Өнөөдөр Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд орсноос хойш хоёр генерал төрлөө. Ерөнхий газрыг хошууч генерал Т.Бадрал удирдаж байна. Энэ бол гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, мэргэжлийн удирдлага зохицуулалтаар хангах үүрэгтэй. Тайван цагт хамгийн хүнд үүргийг гүйцэтгэдэг салбар бол онцгой байдлын салбар юм. Өнөөдөр гэхэд уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас болж ямар их гамшиг осол гарч байна, түүний давтамж цар хүрээ хэрхэн тэлж байна.Энэ талаар уншигчид, нийт иргэд сайн мэдээлэлтэй байгаа биз ээ. Саяхан гэхэд хэд хэдэн удаагийн түймэр гарлаа. Түймэр байгалийн гэхээсээ хүний буруутай үйл ажиллагаанаас болдог. Энэ бүхэнд манай онцгой байдлын мөрдөс зүүсэн дайчин эрс, цэргийн алба хаагчид хамгийн түрүүнд очиж үүрэг гүйцэтгэж, хор уршгийг арилгах арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.
-Генералуудын өдрийг генерал бүхий байгууллагууд ээлж дараалан зохион байгуулж байна уу?
-Генералуудын баярын өдрийн арга хэмжээг хүчний байгууллагууд жил бүр ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд энэ жил энэ ажлыг Батлан хамгаалах яам хариуцан зохион байгуулж байна. 2001 онд “Монгол генерал” төрийн бус байгууллага үүсгэн байгуулагдсан. Түүнээс хойш Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цэргийн тагнуулын газар зэрэг генерал бүхий байгууллагууд ээлж дараалан генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлж, цэргийн алба хаагчид болон залуу хойч үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах салбарыг сурталчлах зорилгоор энэ өдрийг тэмдэглэж ирсэн. Манай Онцгой байдлын байгуулга 2017 онд генералуудын өдрийг зохион байгуулж, олон талт ажил хийсний нэг онцлог нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан явдал байв. Энэ нь ногоон байгууламжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг генералууд бодитой ажил хийсэн. Нийгэмд хийж буй ажлаараа, нийгэмд хүлээж буй үүргээрээ манай генералууд олон сайхан үр дүнтэй ажлууд хийхийн зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны чухал чухал ажлуудыг хийж байна. Батлан хамгаалахын багц хууль батлагдсаны дагуу Онцгой байдлын байгууллага бол төрийн цэргийн байгууллага юм. Зэвсэгт хүчин, Хилийн хамгаалах болон дотоодын цэрэг, Онцгой байдал зэрэг байгууллагууд нь тайван цагт өөрийн чиг үүргийн дагуу хууль тогтоомжийн дагуу ажиллана. Дайн бүхий үед зэвсэгт хүчний мэдэлд шууд үүрэг гүйцэтгэхээр хуульчлагдсан байгаа. Тийм учраас бидний үйл ажиллагаа цэргийн нийтлэг хэв хэмжээ тогтоох, цэргийн дүрмийн хэрэгжилтийг тогтоох, мөн дайн бүхий үед нэгдсэн зохион байгуулалтад үүрэг гүйцэтгэх талаасаа нэгдмэл байдгаараа онцлог юм. Генералуудын өдрөөр энэ жил эрдэм шинжилгээ судалгааны бага хурал зохион байгууллаа. Генералуудын ар гэрийнхнийг хүлээж авч хүндэтгэл үзүүллээ. Мөн өнгөрсөн хугацаанд генералуудыг алдаршуулах ажлуудыг байнга хийсэн. Мөн иргэд залуучуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зэрэгт онцгой анхаарч ажиллаж байна.
-“Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий” гэж дэврүүн ярьж хэлэлцэн, мөрөөддөг ч энэ 71 жилийн хугацаанд ердөө 181 генерал төрсөн байдаг юм билээ. Тэгэхээр энэ цолны шалгуур нэлээд өндөр байх. Таны замналыг сонирхвол?
-Генерал цолонд хүрнэ гэдэг тийм амар даваа биш. Хэн хүн ч генерал цолыг хүртээд байдаггүй хувь тохиол юм. Би жирийн сонсогчоос генерал цолонд хүртлээ цэрэг арми болоод онцгой байдлын албанд 30 шахам жил зүтгэжээ. 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн ар тал эдийн засгийн тэнхимийг инженер эдийн засагч мэргэжлээр төгссөн. Төгсөөд ардын армийн анги салбаруудад шат шатанд ажиллаж байгаад одоо Онцгой байдлын байгууллагад шадар сайдын зөвлөх, тэргүүн дэд даргаар ажиллаж байна. Төрийн ажлыг хичээж зүтгэж сайн хийе л гэж бодож явснаас биш генерал болъё гэж бодож ч байсангүй.
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин