Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймгийн зарим нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

     Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын зарим газар, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 4-9 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с, бусад нутгаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд  хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говь, тал хээрийн нутгаар, 5 дугаар сарын 1-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Хан-Уул” хорооллын 10 дугаар гудамжны 4 тоот иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 10:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 10:32  цагт очиж, 15  минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Сансар”-ын 1 дүгээр гудамжны 119 тоот Иргэн Ж-ын хашаанд эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 12:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар  3 км зам туулан 12:05 цагт очиж, 16 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн “Зангиат” хорооллын 16 дугаар гудамжны 4 тоот Иргэн Л-ийн хашаа, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 15:52  цагт очиж, 58 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 4 дүгээр хэсгийн 2 дугаар гудамжны 322 тоот Иргэн Б-ы байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 20:51 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар баганын чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт /хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 60 алба хаагч, 4 автомашин, ҮАБ-ийн 41 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 20 алба хаагч, 1 автомашин, 6 морь, Онон Балжийн тусгай хамгаалалтын газрын 6 албан хаагч,1 автомашин,  Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 7 албан хаагч,1 автомашин,  орон нутгийн 100 иргэн, 9 автомашин,  24 морь, нийт 234 хүн, 16 автомашин, 30 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. /Ө-49009I05II  У-110008I11II / Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан бүлэг Балж голын дагуу түймрийн зүүн хойд талаас зүүн урд чиглэл 14-15 км-т цурам тавьж түймрийг цурманд оруулаад байна. 04.26-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Онон Балжийн тусгай хамгаалалтын газрын дарга Т.Цэндгомбод түймрийн зүүн хойд хэсэг, Биндэр сумын ойн ангийн дарга Л.Даваажаргалд түймрийн зүүн талыг хүлээлгэн өгсөн. Монгол Улсын хилийн 779 дугаар тэмдэгтээс 783 дугаар тэмдэгтийн чиглэлд Үндэсний аврах бригадын алба хаагчид 4 бүлэгт хуваагдан ажиллаж түймрийн баруун талыг хяналтандаа авсан. Түймрийн өргөн 15 км, урт 13 км үргэлжилсэн. Урьдчилсан байдлаар 19,500 га ой шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/:Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Хужирт”гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ УБТЗ-ын 300 дугаар зогсоол зуслангийн байшингаа эргэх гэж явсан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Э /61 настай, эрэгтэй/ 04.21-ний өдрийн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэрэгээр 13:10 цагт тус зогсоолд очоод сураггүй болсон. Тус сумын ЗДТГ-ын 16 ажилтан, 3 автомашинтай 04.23-ны өдрийг хүртэл эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй. Ар гэрээс нь “Хараа” голын усанд эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж өгөх хүсэлтийг мөн өдрийн 09:40 цагт /10:00 цагт/  тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, сумын ЗДТГ-ын 8 алба хаагч, 2 автомашин, нийт 12 хүн, 3 автомашин, 3 морьтойгоор 04.26-ны өдөр Цогт-Өндөр багийн “Хужирт” гэдэг газраас “Хэрлэн” голын эрэг дагуу “Шатан” гэдэг газар хүртэл 16 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 04.27-ны өдрийн 07:00 цагт үргэлжлүүлнэ.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багийн 3 дугаар гудамжны 3 тоот Иргэн У/9 настай, эмэгтэй/ 04.14-ний өдрийн 18:00-19:00 цагийн хооронд гудамжиндаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагаар тус аймгийн Цагдаагийн газрын 35 алба хаагч, 5 автомашинтай 4.23-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд тус сумын Бумбат багийн “Цагаан нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 2 км-т/   тогтоол усанд эрэн хайх хүсэлтийг тус аймаг дах Цагдаагийн газраас  04.23-ны өдрийн 10:00 цагт ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 51 алба хаагч, 3 автомашин, 3 эрэлч нохой, нийт 63 хүн, 4 техник хэрэгсэл, 3 эрэлч нохойтойгоор 04.26-ны өдрийн 10:21 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, тус сумын төвөөс урд зүгт 12 км-т “Жад хайрхан”-аас “Гэзэг толгой” хүртэл 7 км-т самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 17:30 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нэмэн” ШТС-ын сахиул Ц-ын гэрээс Тус тосгоны харъяат иргэн Ө /28 настай, эрэгтэй/ 12.02-ны өдрийн 01:56 цагт гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2018.12.03-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Нийт 45 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр “Эг”-ийн голд 12 цооног гаргаж, 150 метрт мөсөн доогуур шумбалт хийж, явганаар 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 12.03-ны өдрийн 17:31 цагт зогсоосон байсан. 2019.04.26-ны өдрийн 13:44 цагт “Эг”-ийн голын усны мандалд цогцос хөвж байна, эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж өгнө үү гэсэн ар гэрийнхний нь хүсэлтийг хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашин, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын захиргааны 5 хүн, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, 1 автомашин, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэгээр ажиллаж, ”Нүцгэн толгойн-Эрэг” гэдэг газар “Эг”-ийн голоос сураггүй болсон иргэний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Бусад:Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, “Усан спорт сургалтын төв”-ийн баруун талд дулааны шугам сүлжээний худагт цогцос байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 12 км зам туулан 14:02 цагт очиж, нэр нь тодорхойгүй 40-45 орчим насны эрэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top