Тарваган тахлын байгалийн голомтын идэвхи 7-9-р саруудад хамгийн өндөр байдаг.
Нийслэлийн Засаг даргын “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 2015 оны А/645 дугаар Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран 24 цагаар Сонгинохайрхан дүүргийн 22-ын, Эмээлт түүхий эдийн зах, баруун туруун, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх-биокомбинат, Баянзүрх дүүргийн Баянзүрх, Налайх дүүргийн 5 дугаар хороо Городок, Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто техникийн 7 шалган бүртгэх товчоодод “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийг байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомт бүртгэгдээд байна.
Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байна.
2009-2013 онд Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын хүний өвчний 5 тохиолдол бүртгэгдсэн.
/2015.08.07/ Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт иргэн О /24 настай, эмэгтэй/ өндөр халуурч, тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй ирж хэвтсэн байна. Түүний 1 дүгээр хавьтал бүхий нөхөр, 2 охиныг халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлж, шинжилгээнд дээж авсан. 2015.08.07-ноос 2015.08.13 хүртэлх хугацаанд аймгийн төвийн Эрдэнэмандал багийн 9 дүгээр гудамж орчимд 50 м газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эргэн тойронд 50 м газарт хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна. Зооноз өвчин судлалын үндэсний төвд ирсэн дээжийг шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар ‘’сөрөг’ гарсан, давтан шинжилгээ хийгдэж байна.
Иргэн та сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй. Хэрэв халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалыг тусгаарлах, сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарвага агнах, өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх хэрэгтэй.
Мөн тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.