Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 мс. 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал:  2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2, 3-нд зарим газраар, 4-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 4 -нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Малчдын хорооны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 07:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 07:55 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 63 алба хаагч, ҮАБ-ийн 41 алба хаагч, Батширээт сумын 77 иргэн, Биндэр сумын 20 иргэн, нийт 201 хүн, 15 автомашин, 25 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна. 04.25-ны өдрийн 21:00 цагт “Онон Балж” тусгай хамгаалалтын газрын дарга Т.Цэндгомбод түймрийн зүүн хойд хэсэг, 04.26-ны өдрийн 08:00 цагт түймрийн зүүн хэсгийг унтрааж Биндэр сумын ойн ангийн дарга Л.Даваажаргалд, 04.28-ны өдрийн 15:00 цагт Монгол Улсын хилийн 779 дүгээр тэмдэгтээс 783 дугаар тэмдэгтийн чиглэл дэх түймрийн баруун хэсгийг унтрааж Хилийн цэргийн 0287 дугаар ангид тус тус хүлээлгэн өгсөн. 04.29-ний өдрийн байдлаар түймрийн баруун тал “Бугатын-Энгэр”, урд тал “Цахир чулуут” гэдэг газар хүрээд байна. Тус аймгийн ОБГ-ын алба хаагчид түймрийн урд талд, ҮАБ-ын алба хаагчид түймрийн баруун, баруун урд талд түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 19500 га ой шатсан.

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Чингисбалл” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, аймгийн төвөөс зүүн хойд 170 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.29-ний өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 24 алба хаагч, 2 автомашин, Хилийн 0132 дугаар ангийн 30 алба хаагч, 5 автомашин, аймгийн МХГ-ын 9 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 19 иргэн, 2 автомашин, нийт 82 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр 04.30-ны өдрийн 03:50 цагт түймрийн баруун, зүүн урд талын түймрийг унтраасан. Түймрийг унтраахаар ажиллаж байна.

4.Үйлдвэрлэлийн осол:

Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд компанийн хашаан дотор Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б /54 настай, эрэгтэй/ “Волво” загварын ачааны автомашинд засвар хийж байгаад дарагдан нас барсан тухай дуудлагыг 04.29-ний өдрийн 19:48 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 19:55 цагт очиж, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top