Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, алба хаагчийн сахилга, хариуцлага, ёс зүй, дэг журмыг чангатгах, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагаас 2019 онд “Цэргийн албыг хэвшүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг дээшлүүлэх” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын удирдлага, алба хаагчдыг оролцуулан “Сахилгын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал оролцлоо. Тэрээр нийт бие бүрэлдэхүүнд хандан хэлсэн үгэндээ, “Монгол Улсын төрөөс баримталж буй бодлого зорилт, үйл ажиллагааг салбарын хэмжээнд идэвхжүүлэх, алба хаагчдын сахилгын хариуцлага, ёсзүй, манлайллыг дээшлүүлэх зорилгоор албаны хэмжээнд “Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах, бэлэн байдлыг хангах тухай” 01 дүгээр албан даалгаврыг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Эдгээр тогтоол, албан даалгавар болон Цэргийн нийтлэг дүрмүүд нь алба хаагч та бүхний өдөр тутмын ажил, үйл ажиллагаандаа баримтлах гол сахилга, хариуцлагын баримт бичиг байх ёстой” гэлээ.
Сахилгын зөвлөгөөнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 100 гаруй алба хаагч хамрагдаж байна.
Зөвлөгөөнөөр Онцгой байдлын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, алба хаагчдын сахилга, хариуцлага болон нийгмийн баталгааг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.