ЭМГЭНЭЛ

img12Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Жамъянгийн Ганзоригт нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз учирсанд гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Бидний дотны нөхөр, онцгой байдлын хурандаа Жамъянгийн Ганзоригт нь хариуцсан бүхий л ажил үйлсдээ чин сэтгэлээр зүтгэж, Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, хүн ардыг гамшиг, ослоос авран хамгаалах үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан тэргүүний удирдах ажилтан байлаа.
Жамъянгийн Ганзоригт нь 1962 оны 11 дүгээр сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1981-1989 онд Төв гал командад гал сөнөөгч, бага дарга, 1989 1993 онд хуучнаарЗөвлөлтХолбоот Улсын Дотоод Явдлын яамны Галын инженер техникийн дээд сургуульд сонсогч, 1993 онд Гал унтраах 11-р ангид салааны захирагч, 1994-1996 онд Гал унтраах 10-р ангид салааны захирагч, 1996-1997 онд нийслэлийн Гал түймэртэй тэмцэх хэлтэст жижүүрийн ахлах байцаагч, 1998- 2010 онд Аврах, гал унтраах 26 дугаар ангийн захирагч, 2010-2015 онд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, 2015 оны 02 дугаар сараас Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар томилогдон төрийн тусгай албанд 34 жил тасралтгүй ажиллаж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, гал түймэр, гамшиг ослоос олон хүний амь насыг аварч онцгой гавъяа байгуулсан манай тэргүүний удирдагч байлаа.
Түүний гавъяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Цэргийн гавъяаны одон, Цэргийн хүндэт медаль болон Их Монгол улс байгууллагдсаны 800, Ардын хувьсгалын 80, 90, нийслэлийн 370, 375 жилийн ойн медалиуд, Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан”, “Онц гал сөнөөгч”, “Онцгой байдлын албаны төлөө” 1, 2, 3 дугаар зэргийн тэмдэг, нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон бусад байгууллагуудын Жуух бичиг, Баярын бичиг, Сайшаалын үнэмлэх, Онцгой байдлын ерөнхий газрын “Хөдөлмерийн аварга ангийн захирагч”-аар тус тус шагнагдаж байсан.
Онцгой байдлын хурандаа Ж.Ганзоригт нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг шуурхай зохион байгуулж, идэвх санаачилгатай ажиллаж ирсэн шилдэг удирдагч байсан төдийгүй бахархан дуурайх үйлстэн байлаа.
Эрхэм таны шаргуу хөдөлмөрч, үнэнч шударга, ажилч хичээнгүй, даруу төлөв, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр улс эх орондоо зориулсан үйлс, төрийн албаны төлөө гэсэн сэтгэл нь бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛ,
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ХАМТ ОЛОН

scroll to top