Архангай аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албатай хамтран “Гамшгаас хамгаалах сургалт”-ыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг хамруулан зохион байгууллаа.
Сургалтад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 25 тэргүүлэгч оролцож, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээний талаар танхимын сургалтад хамрагдан, гамшиг, ослын үед байгууллага хоорондын харилцан ажиллагааг зохион байгуулах, хүн хүч, техник хэрэгслийг хуваарилах, шийдвэр гаргахад анхаарах асуудлын талаарх мэдлэгээ дээшлүүлсэн юм.
Мөн багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилгоор бие бялдар, сэтгэл зүйн сорилын “Буухиа тэмцээн”-ийг хийн буудлага, дугуйн саадтай зурвасыг давах, дартас шидэх, ой, хээрийн гал түймэр унтраах гэсэн цэгүүдэд зохион байгууллаа.
Сургалтын үеэр Онцгой байдлын газарт эрэн хайх, аврах ажиллагаа, ой, хээрийн түймрийн үед ашиглагдаж байгаа багаж хэрэгсэл болон алба хаагчдын хувцас хэрэглэлийг танилцуулсан юм. Энэ үеэр аймгийн удирдлагууд 12 хүний даацтай аврах завины асуудлыг шийдвэрлэж өглөө гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.