Он гарсаар улсын хэмжээнд эхний дөрвөн сарын байдлаар нийт 2022 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 49 хүн амь насаа алдаж, 24 хүн гэмтэж бэртэн, 3362 толгой мал, амьтан хорогдож, 4.2 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.
Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 495 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 23.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 21.2 сая төгрөг зарцуулсан байна.
Аюулт үзэгдэл, учирсан хохирлын хэмжээг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тоо 23,2 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 3,2 дахин бага байна.
Харин аюулт үзэгдэл, ослын улмаас 49 хүн амь насаа алджээ. Үүний 38 нь том хүн, 11 нь хүүхэд байна. Амь насаа алдсан шалтгааны дийлэнх хувийг буюу 24,49 хувь нь гал түймрийн аюулаас болсон байна.