Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүрч зөөлөн шороон шуурга шүурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 8-13 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говь талын нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 9-нд зарим газраар 12-14 м/с, 10, 11-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 08:06 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 37 км замыг туулан 08:43 цагт очиж, 40х20 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 4 цаг ажиллаж унтраасан. Нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар 9 алба хаагч, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, нийт 24 алба хаагч, 6 автомашин ажилласан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн задгайд хүнсний ногооны зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 2019.05.06-ны өдрийн 15:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 15:11 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 19:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 19:13 цагт очиж, иргэн Б-гийн талхны цехийн 10х12 хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын эцсийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 12:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 14 км замыг туулан 13:09 цагт очиж, эзэн тодорхойгүй 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 25 км замыг туулан 15:30 цагт очиж, 15х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 19:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 19:20 цагт очиж, иргэн Б-гийн 5х3 метрийн хэмжээтэй амбаар, иргэн О-гийн 6х5 метрийн хэмжээтэй байшингийн гадна хананы хэсэг, иргэн Б-гийн 8 метрийн хэмжээтэй хашаа тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 20:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 20:20 цагт очиж, эзэн нь тодорхойгүй 6х5 метрийн хэмжээтэй байшин, 8 метр хэмжээтэй хашаа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 21:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 21:30 цагт очиж, иргэн Б-гийн 5 ханатай гэр эд хогшил, “Волксваген” загварын суудлын автомашин, “Примера” загварын суудлын автомашин, мопед тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Таван толгойн гүүрний хажууд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 03:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км замыг туулан 03:32 цагт очиж, эзэн нь тодорхойгүй “Импреза”  загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 7 алба хаагч, ҮАБ-ийн 60 алба хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 59 алба хаагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь Онцгой байдлын газрын 12 алба хаагч, “Онон-Балж”-ын байгалийн цогцолборт газрын  тусгай хамгаалалтын захиргааны 11 ажилтан, Батширээт сумын 102 иргэн, Биндэр сумын 30 иргэн, нийт 364 хүн, 41 автомашин, 4 мотоцикл, 36 морьтойгоор /ОББ-ын 221 алба хаагч, 11 автомашин, орон нутгийн 143 иргэн, 30 автомашин, 8 мотоцикл, 36 морь/ түймрийг унтраахаар ажиллаж байна. 04.04-ний өдрийн 21:40 цагийн байдлаар түймрийг бүрэн хяналтандаа авсан. /Урьдчилсан байдлаар түймрийн урт нь 20 км, өргөн нь 17 км байна./ 05.06-ны өдрийн байдлаар Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Гутайн даваа”, Хэнтий, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Арангатайн даваа”, “Улиастай” гэдэг газрын чиглэлд, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын алба хаагчид “Гутайн даваа”-ны хойд талд, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Өвөр хашлиг”, Батширээт, Биндэр сумын иргэд “Аргуу-Ямаалзай”, “Амгалантын гол” гэдэг газруудад тус тус ажиллаж байна.

Ой, хээрийн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ар бэрх” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.05-ны өдрийн 16:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32, 42 дугаар ангийн 16 алба хаагч, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 93 иргэн, Дадал сум дахь “Онон Балж”-ийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 129 хүн, 11 автомашин, 6 мотоциклтой түймрийг унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн өргөн 1 км, урт нь 2 км орчим байна. 05.06-ны өдөр салхины хүч ихтэй байснаас түймрийг баруун урд хэсгээр цурамнаас алдсан. 05.06-ны өдрийн байдлаар түймрийн баруун, хойд, зүүн хэсгийг 05.05-ны өдрийн 22:16 цагт цурманд оруулж, баруун урд, урд хэсгийг унтраахаар ажиллаж байна. 05.06-ны өдрийн 19:35 цагт нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 25 алба хаагч, 05.07-ны өдрийн 01:16 цагт нийслэлийн Онцгой байдлын газрын 26 алба хаагч, нийт 51 алба хаагч, 4 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар түймрийн голомт руу хөдөлсөн. Алба хаагчид замдаа явж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багт иргэн Б-гийн охин У /9 настай, эмэгтэй/ 04.14-ний өдрийн 18:00-19:00 цагийн хооронд гудамжинд тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагаар тус аймгийн Цагдаагийн газрын 35 алба хаагч, 5 автомашинтай 4.23-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд тус сумын Бумбат багийн “Цагаан нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 2 км-т/   тогтоол усанд эрэн хайх хүсэлтийг тус аймаг дахь Цагдаагийн газраас 04.23-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 51 алба хаагч, 3 автомашин, 3 эрэлч нохой, нийт 63 хүн, 4 техник хэрэгсэл, 3 эрэлч нохойтойгоор 04.23-ны өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 04.27-ны өдөр Цагдаагийн байгууллагаас дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон тул эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 05.06-ны өдрийн 09:58 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 11 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 12 алба хаагч, 1 автомашин, нийт 23 алба хаагч, 2 автомашинтайгаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Хөтөл хорооллын “Морь бариа” гэдэг газраас “Хар морьтын хөтөл” гэдэг газар хүртэл 7 км-т, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн “Аргангат даваа” гэдэг газраас “Ундрагчийн бригад” гэдэг газар хүртэл 1.5 км-т, нийт 8.5 км-т явганаар самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул Цагдаагийн байгууллагатай зөвшилцсөнөөр мөн өдрийн 16:40 цагт түр зогсоосон.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км-т, сумын төвөөс баруун зүгт 0,5 км-т/ иргэн М-ийн гэрээс тус сумын харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 04.29-ний өдрийн 00:00 цагт гараад сураггүй болсон дуудлагыг 05.02-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Цагдаагийн газрын 22 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 48 хүн, 5 автомашинтайгаар 05.03-ны өдрөөс “Цагаан-Овоо” гэдэг газраас “Бага баярт” гэдэг газарт усаар 45 км-т, “Өргөөгийн доод тохой” гэдэг газар усаар 38 км-т,  “Өргөө” гэдэг газраас зүүн тийш усаар 65 км, “Орхон” голын эрэг дагуу 33 км-т явганаар, мөн Бэлэн далай багийн “Шийрийн бригад”-гэдэг газраас УБТЗ-ын “42 дугаар зөрлөг” хүртэл 90 км-т автомашинаар тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр 05:06-ны өдрийн 09:55 цагт зогсоосон.

Өндрөөс аврах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний зүүн талд “KH апартмэнт”-ийн байрны 15 дугаар давхрын орцны тагт дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 16:57 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай бүлэг 3 км замыг туулан 17:06 цагт очиж, тус байрны 15 дугаар давхрын орцны тагтнаас нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эмэгтэй унаж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top