1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Цагаан эрэг” гэдэг газраас малчин Л /52 настай, эрэгтэй/ 2015.08.15-ны өдрийн 16:00 цагийн орчим мориндоо яваад сураггүй тухай мэдээллийг 2015.08.16-ны өдрийн 22:00 цагт тус сумын удирдлага хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-ээр ахлуулсан 18 хүн, 1 автомашин, 6 мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.17-ны өдрийн 19:00 цагийн орчим тус багийн “Улаан эрэг” гэдэг газраас /сумаас баруун хойш 30 километр/ осгож нас барсан байдалтай олсон.
Ус, цас, шаварт саатсан: Завхан аймгийн нийт нутгаар усархаг бороо, нойтон цас үргэлжлэн орсоны улмаас тус аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн Загастайн даваа хаагдсан тухай мэдээллийг 2015.08.17-ны өдрийн 02:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр цас, шаварт саатсан 130 гаруй зорчигчтой суудлын 25, том оврын 14, ачааны 1, нийт 40 тээврийн хэрэгслийг татан гаргаж тусламж үйлчилгээ үзүүлсэн..
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн малчин Д нь эхнэрийн хамт, 2000 гаруй бог малтай тус аймгийн Шарга сумын Улаантуг багийн “Урд бөхт” гэдэг газар отроор явж байгаад 3 өдөр цасанд боогдсон тухай мэдээллийг 2015.08.17-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, Есөнбулаг сумаас 5 иргэн, нийт 8 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр гэр, малыг нь тус аймгийн Тайшир сумын “Далангийн нуруу” гэдэг газар /зусч байсан газраас нь 10 гаруй км-т/ нүүлгэн шилжүүлсэн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний гоц халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.10-ны өдөр нохойд хазуулсан тарвага өвчиж байгаад гараа зүссэн. Улмаар гар нь хавдаж, халуурсан байдалтайгаар 2015.08.14-ний өдрийн 10:00 цагт сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 2015.08.16-ны өдрийн 14.00 цагт гарсан өвчтөний шинжилгээний хариугаар “Тарваган тахал” үүсгэгч булчирхай хэлбэрээр өвчилсөн нь тогтоогдсон, шинжилгээг баталгаажуулахаар давтан шинжилгээ хийж байна. Өвчтөний биеийн байдал сайжирч байна. Тус сумын Засаг даргын 2015.08.14-ний өдрийн А/89, аймгийн Засаг даргын 2015.08.14-ний өдрийн А/296 дугаар захирамжаар тус тус 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон. Голомтонд аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон 1 дүгээр хавьталттай 8, 2 дугаар хавьталттай 8 иргэнийг тусгаарлан, шинжилгээ хийж байна. Сумын хэмжээд 8 хүний бүрэлдэхүүнтэй хээрийн штаб, хяналтын 10 цэгт аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн газраас 3 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 19 иргэн, 9 автомашин, нийт 30 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр, мөн 2015.08.16-ны өдрийн 11:00 цагаас Мөрөн суманд “Хилэнтийн гүүр”, “Мөрөн” нисэх буудлын урд талын зам, тус аймгийн Бүрэнтогтох сумын “Улаан богоч” гэдэг газарт хяналтын пост гарган, аймгийн Цагдаа, Байгаль орчин, Мэргэжлийн хяналтын газраас 8 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 5 сумын нутагт “Боом” өвчний 5, 2 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Хорт салст халуурал” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Маэди-Весна” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 7 аймгийн 12 сумын нутагт 12 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн суурьт “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн “Сүж” гэдэг газар малчин Ц.Хосбаяр, Ж.Халтар нарын 14 хониноос 2015.08.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэд 2015.08.10-ны өдрийн хариугаар “Хониний цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн “Алагийн тохой” гэдэг газар малчин Б-ийн 3 үхэр 2015.07.26-ны өдрөөс 08.02-ны өдрүүдэд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг, устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн “Хүрдэтийн толгой” гэдэг газар малчин М-ийн 1 тугал 2015.07.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Бургалтай багийн “Бургалтай” гэдэг газар малчин О-ийн 1 тугал 2015.08.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.12-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмтэгтэй хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Ш-ийн 3 адуу 2015.08.11-12-ны өдрийн хооронд халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.14-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг малчин Ш-ийн 1 үхэр 2015.07.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутагт малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд хонь, ямааны “Маэди-Весна” өвчин болох нь;
Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Цагаан дов” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Цагаан-Индэрт” гэдэг газар малчин С-ийн хотонд 2015.08.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн Номгон хорооллын 6 дугаар гудамжийн 4 тоотод иргэн М-ийн 1 үхэр 2015.08.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1 дуудлагатай байлаа.Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 4 дүгээр гудамжийн 99 тоотод иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.17-ны өдрийн 10:49 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.
4. Техникийн холбогдолтой осол:
Тээврийн хэрэгслийн осол: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, Хивсний үйлдвэрийн замын уулзварын хажуугийн дулааны шугамыг “Toyota Crown” загварын суудлын автомашин мөргөж, хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2015.08.17-ны өдрийн 08:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж М /35 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутаг, “Эрдэнэтийн гүүр”-нээс баруун тийш 8 км-ийн авто зам дээр “Hino” загварын бага оврын ачааны автомашины араас “Toyota Prius-10” загварын суудлын автомашин мөргөж, иргэд хавчуулагдаж гэмтсэн тухай дуудлагыг 2015.08.18-ны 02:18 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, гэмтсэн иргэн Б /27 настай, эрэгтэй/, Э /27 настай, эрэгтэй/, Э /28 настай, эрэгтэй/, Э /28 настай, эрэгтэй/, А /33 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, Эмнэлэгийн байгууллагад шилжүүлсэн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР