Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шүуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий болон 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар  20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Өдөртөө 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 10, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн төв хэсгээр дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: “Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутагт Дархан Меат Фүүдс” ХХК-ийн уурын зуухны барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 18:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 алба хаагч 2 автомашинтайгаар 7,5 км зам туулан 18:17 цагт очиж, 16 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн нутагт барилга угсралтын компанийн ажилчдын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 00:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч,1 автомашинтайгаар 3 км зам туулан 00:31 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.         

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дуаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 13:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3.5 км зам туулан 13:11 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Адуунчулуун” барилга угсралтын компанийн байрлалд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 16:24  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 1.5 км зам туулан 16:26 цагт очиж, 39 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. ОББ-ын 221 алба хаагч, орон нутгийн 143 иргэн, нийт 364 хүн, 41 автомашин, 4 мотоцикл, 36 морьтойгоор ажиллаж, 05.07-ны өдрийн 19:00 цагт түймрийг бүрэн цурманд оруулж, 05.08-ны өдрийн байдлаар ОБЕГ-ын 2 алба хаагч, 1 автомашин, ҮАБ-аас 30 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 47 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Батширээт сумын 43 иргэн, Биндэр сумын 12 иргэн, нийт 181 хүн, 13 автомашин, 33 морьтойгоор бүрэн унтраахаар ажиллаж байна. Хилийн 179 дүгээр тэмдэгтийн орчимд цурам дотор түймэр дахин асч /У49030//10/, 110005//50// 76 алба хаагч, 9 техник хэрэгсэлтэйгээр очиж унтраахаар ажиллаж байна.

Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгат багийн “Шар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 100 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч, мөн өдрийн 23:00 цагт  унтраасан боловч салхи ихэссэний улмаас дахин түймэр гарсан тухай мэдээллийг 05.08-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Хилийн 0285  дугаар ангийн 10 албан хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 43 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 05.08-ны өдрийн 23:00  цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар байна.    

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баянгол багийн “Шилийн шорвог” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км-т сумын төвөөс урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 13:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, Баянтүмэн сумын 4 иргэн, Сэргэлэн сумын 12 иргэн, нийт 38 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 19:30 цагт бүрэн унтрааж, Баянтүмэн сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. 

Ой, хээрийн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ар бэрх” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.05-ны өдрийн 16:41 цагт хүлээн авч ОББ-ын 79 алба хаагч, орон нутгийн 122 иргэн, нийт 201 хүн, 16 автомашинтайгаар ажиллаж 05.07-ны өдрийн 11:16 цагт түймрийг цурманд оруулж, 05.08-ны өдрийн байдлаар НОБГ-ын 51 алба хаагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Норовлин сумын 36 иргэн, нийт 151 хүн, 11 автомашин, 13 морьтойгоор түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн “Цастын нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 35, аймгийн төвөөс баруун урд зүгт 147 км-т/ “Орхон” голын усанд Дархан-Уул аймгийн харъяат иргэн Б /47 настай, эрэгтэй/ 05.08-ны 18:00 цагийн орчим загас барихаар явж байгаад осолдсон тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, цагдаагийн 1 алба хаагч, хамт явсан 4 иргэн, нийт 12 хүн, 2 автомашин, 1 нохойтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top