2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төслийн нээлтийн семинар зохион байгуулагдаж, ОБЕГ, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, орон нутгийн төлөөлөл 100 гаруй хүн оролцов.
1. Оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг бодлого, зохицуулалтаар тодорхой болгож, гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах чиглэлээр:
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, сайн дурынхныг оролцуулах боломж, жендерийн хэрэгцээ, шаардлагын талаарх төслийн суурь судалгааг төсөл хэрэгжүүлэх 11 сум, 2 хороо, 2 багт зохион байгуулж, 600 гаруй хүнийг хамруулав.
Судалгаагаар Монгол Улсын гамшгийн менежментийн бүтэц, зохион байгуулалт, төвлөрсөн төсвөөс шалтгаалан гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх ажиллагааг зөвхөн Засгийн газрын үүрэг мэтээр ойлгодог буруу ойлголт нийгэмд бий болсон, мөн улсын төсвөөс хуваарилдаг санхүүжилт хүрэлцдэггүй, гамшгийн хор уршгийг арилгахад гол төлөв зарцуулагдаж байна гэсэн дүгнэлтийг хийсэн.
Гамшгаас хамгаалах тухай хуулийг мөрдөж эхэлснээс хойшхи 10 жилийн хугацаанд түүний практик хэрэглээнд болон судалгаа шинжилгээний ажлын явцад илэрсэн зохицуулалтын доголдолтой талуудыг арилгах, түүнийг орчин үеийн гамшгийн менежментийн чиг хандлагатай бүрэн нийцүүлэх зорилгоор ажилласан төслийн зөвлөх дараах зөвлөмжүүдийг өгөв. Үүнд:
– Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах механизмийг бий болгох.
– Гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагааг үе шат тус бүрээр хуульчлах.
– Гамшгийн эрсдэлийн үнэлгээ болон гамшгаас хамгаалах төлөвлөгөөний агуулгыг тодорхойлох.
– Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэг, түүний дээд зэрэгт шилжих журамд нэмэлт тодотгол оруулах.
– “Онцгой байдал” гэсэн хуулийн нэр томьёог олон улсын жишигт нийцүүлэх.
– Гамшгаас хамгаалах түншлэл хамтын ажиллагаа, удирдлага, зохицуулалтын механизм бий болгох.
– Сайн дурын бүлэг, санхүүжилтийн механизмын асуудлыг тодорхой болгож оруулах.
– Гамшгаас хамгаалах хуулиас гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн албаны эрх зүйн байдлын асуудлыг тусгаарлаж тусгай хууль болгох.
Эдгээр зөвлөмж, саналыг тусган шинэчлэн найруулсан “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн төсөл, “Гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн албаны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслүүдийг боловсруулав.
Хуулийн төслүүдээр санал авах хэлэлцүүлгүүдийг ОБЕГ, НОБГ дээр тус тус зохион байгуулав.
2. Орон нутгийн гамшгийн менежментийн механизмыг хот суурин газар, хөдөө орон нутгийн эмзэг байдлыг тооцсон дүрэм журам, чадавхтай болгох чиглэлээр:
Орон нутгийн түвшинд гамшгийн менежмент, зохицуулалтыг сайжруулах хүрээнд Дорнодын Баян-Уул, Булганы Сайхан, Сэлэнгийн Мандал сумд, Чингэлтэй дүүргийн XVII хороо, Сонгинохайрхан дүүргийн IV хорооны онцлог, хэрэгцээ шаардлагыг харгалзсан сум, хорооны гамшгаас хамгаалах төлөвлөгөөний загварыг боловсруулж туршив.
Олон нийтийн гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, аюулгүй амьдрах соёлыг бий болгох зорилгоор сургалт, сурталчилгааны хөтөлбөрийн төслийг боловсруулав.
Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх талаар “Олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийн менежмент” сургалтыг Хэнтий аймгийн Өндөрхаан хотод, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод тус тус зохион байгуулж, орон нутгийн 100 гаруй төлөөллийг оролцуулав.
Төв, орон нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнүүдэд зориулсан багшлах эрхийн үнэмлэх олгох болон мэдлэг, чадвар дээшлүүлэх сургалт, семинарыг зохион байгуулж, нийт 75 албан хаагчийг хамруулав.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг иргэдэд олгох, гамшгийн эрсдлийг бууруулах, онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд байгуулагдсан “Аврагч” студийг 27,7 сая төгрөгийн өртөг бүхий техник, тоног төхөөрөмжөөр хангаж, тус студийн үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэв.
3. Орон нутагт тохирсон гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах механизмыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр:
Малчдын бүлэг, ойн нөхөрлөл, иргэдийн өөртөө туслах бүлгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор төсөл хэрэгжиж буй сум, хороо, багийн Засаг даргын тамгын газрын дэргэд Гамшгийн эрсдэлийг бууруулах түншлэл, хамтын ажиллагааны 13 зөвлөлийг байгуулав.