1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Хөвсгөл, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн зарим газраар бороо орсон, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи говийн бүсийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, ихэнх нутгаар 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хэнтэй уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Орхон-Сэлэнгийн саваар 4-9 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Бага зэргийн бороо, нойтон цас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ, өчигдрөөс сэрүүсч 6-8 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Зангиат” хорооллын 17 дугаар гудамжны 12 тоот “Бүхнийг хүүхдийн төлөө” төрийн бус байгууллагын “Анна хөүм” асрамжын газрын 20х12 хэмжээтэй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 12:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 24 алба хаагч, 4 автомашинтай 6 км зам туулан 12:13 цагт очиж 3 цаг 39 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Бэрх” гэдэг газар /Мандал сумын төвөөс баруун зүгт 9 км-т/ Иргэн Т-ийн 12х6 хэмжээтэй өвөлжөө, 490 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 09:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мандал сум дах Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км зам туулан 10:31 цагт очиж 4 цаг 52 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Жавхлант хорооллын 6 дугаар гудамжны 2 тоот иргэн М-ын 11х6 хэмжээтэй байшин шатсаны улмаас иргэн М 8х8, иргэн А 6х4, хэмжээтэй байшин, 2х2.3 хэмжээтэй амбаар, иргэн Б 2х4, иргэн Б 3х2 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 23 алба хаагч, 3 автомашинтай 2 км зам туулан 13:04 цагт очиж, орон нутгийн 7 иргэн, 3 автомашинтай 3 цаг 45 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Шархад”-ны 60 дугаар гудамжны 933 тоот Иргэн Д-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 14:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 14:42 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн “Дэлгэрийн цагаан-Өндөр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 74 км-т/ Иргэн Б-ийн 20х15 хэмжээтэй өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 15:34 цагт хүлээн авсан Орон нутгийн 12 иргэн, 1 автомашинтай ажилласан бөгөөд нэмэлт дуудлагаар Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 16:40 цагт явж 84 км зам туулан 17:45 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн “Цагаан даваа”-ны 38 дугаар гудамжны 47 тоот Иргэн Д-ын хашаанд хураалттай түлшний мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 16:20 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 16 дугаар гудамжны 390 тоот Иргэн Б-ийн 6х6 хэмжээтэй 2 давхар байшин, 1х3 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 17:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км зам туулан 17:10 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн 1 дүгээр гудамжны 11 тоот Иргэн Э-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 18:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 18:59 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Сүмбэр сумын Сүмбэр багийн 11 дүгээр гудамжны 07 тоот Иргэн А-ийн хашаанд хураалттай байсан 700 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 18 км зам туулан 20:05 цагт очиж 1 цаг 16 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн 1 дүгээр гудамж Иргэн Э-ын эзэмшлийн 63-42 УБА улсын дугаартай “Пажеро” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 19:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 19:47 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжны 53 тоот Иргэн В-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч 1 автомашинтай 6 км зам туулан 12:37 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн “Сүхийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 6 км-т/ Иргэн Т-ын эзэмшлийн 92-48 ХӨА улсын дугаартай “Эстима” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 21:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 22:05 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Хашлиг ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 46 алба хаагч, 6 автомашин, ОБЕГ-ын 2 алба хаагч, 1 автомашин, ҮАБ-ын 30 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 10 автомашин, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, автомашин, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, Батширээт сумын 8 иргэн, 2 автомашин, Биндэр сумын 12 морьтой хүн, нийт 145 хүн, 11 автомашин, 12 морьтойгоор ажиллаж 05.07-ны өдрийн 19:00 цагт цурманд оруулсан боловч 05.08-ны өдрийн 14:37 цагт Монгол Улсын хилийн 778-779 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас дахин түймэр орж ирсэн тул ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн хошууч Г.Галтзулаар ахлуулсан ҮАБ-ын 30 алба хаагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 46 алба хаагч, нийт 77 алба хаагч унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Яст гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Орон нутгийн 12 иргэн, 5 мотоцикл, 2 морьтой 05.09-ний өдрийн 15:13 цагт түймрийн голомт руу явсан.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Эг даваа” “Хөх хад” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60-70 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 17:41 цагт хүлээн авсан. Орон нутгийн 30 иргэн, 1 автомашин, 7 мотоцикл, 7 мориор 22:00 цагт “Эг даваа” гэдэг газрын түймрийг цурманд оруулж, “Хөх хад” гэдэг газрын түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод 21:30-22:00 цагийн хооронд бороо орсон.
Хээрийн түймэр: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгат багийн “Шар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 100 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан бөгөөд Хилийн 0285 дугаар ангийн 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 13 иргэн 1 автомашинтай ажиллаж мөн өдрийн 23:00 цагт унтраасан боловч салхины хүч 8-10 м/с хүрсний улмаас дахин ассан тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0285 дугаар ангийн 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 28 иргэн, 3 автомашин, нийт 43 хүн, 5 автомашинтай ажиллаж 05.09-ний өдрийн 14:30 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дорноговь аймгийн Өргөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 4 автомашинтай ажиллаж 16:10 цагт унтраан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Цасанцэцэгт хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 2 га талбай шатсан.
Ой, хээрийн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ар бэрх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.05-ны өдрийн 16:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч, 3 автомашин, Нийслэлийн Онцгой байдлын газрын 51 алба хаагч, 4 автомашин, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашин, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Норовлин сумын 36 хүн, 1 автомашин, 13 морьтой, нийт 151 хүн, 11 автомашин, 13 морьтой ажиллаж 05.07-ны өдрийн 11:16 цагт түймрийг цурманд оруулсан. 05.09-ний өдрийн байдлаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, 1 автомашин, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашин, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 36 иргэн, 1 автомашинтай цурмыг манаж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/:Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар-Алтад багийн “Хотгор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвөөс зүүн зүгт 55 км-т Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын харьяат иргэн Э/65 настай, эрэгтэй/ 05.08-ны өдрийн 01:00 цагийн орчимд иргэн Ж-ийнхээс гэртээ харих гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 18:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 40 иргэн, 9 автомашинтай 05.09-ний 21:16 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 23:55 цагт түр зогсоосон. 05.10-ны өдрийн 07:00 цагаас дахин эхлүүлнэ.
Өндрөөс аврах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Угсармал 9 давхар байрны 9 дүгээр давхрын цонхоор бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 20:19 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км зам туулан 20:27 цагт очиж тус хорооны 5 дугаар байрны 48 тоотод оршин суугч иргэн Ч /6 настай, эмэгтэй/ 9 дүгээр давхрын цонхоор унах гэж байсныг 20:35 цагт эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн “Цастын нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 35 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 147 км-т/ Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй/ 05.08-ны өдрийн 18:00 цагийн орчим “Орхон” голын усанд загасчилж байгаад осолдсон тухай дуудлагыг 05.08-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, 1 нохой, цагдаагийн 1 алба хаагч, хамт явсан 4 иргэн, 1 автомашин, нийт 12 хүн, 2 автомашин, 1 нохойтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 05.09-ний өдрийн 09:00 цагт цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР