Газар шилгээлт

58374876_2185706998174675_2855534398592253952_n.jpg

Гучаад жилийн дараа манайхан “сэрж” гамшиг гамшиг хэмээн орилолдлоо. Нийслэл хотдоо, газар хөдлөлтийн чичирхийлэл хэдэн арваар хэмжигдэж байх үеэ мартаад, хэдэн мянгаар хэмжигдэх болсон хойно сэрж байгаа нь энэ. Булган, Говь-Алтайгаар яригдаж байсан газар хөдлөлт, Богд уулынх нь аманд хүрээд ирэхээр, сая нүдээ нээж, чихээ онгойлгох нь энэ.

Гамшгаас хамгаалах гурав хоногийн иж бүрэн сургуулилт гэж сүртэй ч юм боллоо доо. Бараг л сарын өмнөөс зарласан. Өнөөх сургууль нь, машины сигналиас доор дохио өгч, Д.Сүхбаатарын талбайд сүржин парадаар үргэлжилж, манайхан хэдэн газар цуглаж, хэвлэмэл хуудсан дээрээ тамга даруулаад л болох шив дээ. Хөдөө аваачаад барьчихсан хэдэн асар майханд нь төдийлөн хүн очсонгүй, “Хээрийн эмнэлэг дэлгэлээ” гээд л өнгөрөх нь тэр.

Хотын захын хорооллуудаар бол юу ч мэдэгдсэнгүй. Тэгсэн чинь өнөөх дарга сайд нар “гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад 450 мянган хүн оролцож, онц дүнтэй зохион байгуулагдсан” гэнэ. Хаанаас, хэний гаргасан тоо, үнэлгээ вэ? Төсвийн тэр их хөрөнгө мөнгө хэн хэний халаасаар дамжиж, газар шингэсэн бэ. Бодвол бас л улсын нууц биз.

Гамшиг, газар хөдлөлт гэдэг чинь та нарын сэтгээд байгаа шиг, та нарын хийгээд байгаа шиг, “тоглоом” биш ээ. Бидний сэтгүүлчид мөн ч олон удаа дохио санамж болгон бичсэн дээ. Энэ ажлыг хариуцсан үе үеийн сайд дарга нар бараг л “хуцва!” гэх нь холгүй хүлээж авдаг юм. Миний хувьд бол хий хоосон чалчдаггүй. Бас тодорхой үндэслэл бий. М.Адьяа гэж дүү маань насаараа одон орны судлалд ажилласан, газар хөдлөлтийн талаар хэд хэдэн ном зохиол бичсэн буурал эмээ бий. Тэр надад мэдээлэл өгдөг юм.

Нөгөөтэйгүүр, миний үед чинь иргэний хамгаалалтын хичээлийг чихэнд эвэр ургатал заадаг байлаа. Би нөгөө хөөгдөж туугдаж явахдаа 1200 ажилчинтай үйлдвэрийн иргэний хамгаалалтын мэргэжилтнээр хэдэн жил ажиллалаа. Сүүлд, БНХАУ-ын урд, баруун зүгийн хотуудаар сурвалжлах ажлаар явахдаа өнөөх байнгын сүйрэлд автсан Сычуан мэтийн газраар орж нөхцөл байдалтай танилцах боломж олдсон. Ингээд л газар хөдлөлтийн мэдээ гарах болгонд сэтгэл түгшиж, санамж дохио бичих болсон хүн л дээ. Гамшиг гэдэг чинь хэдэн секунд, хэдэн минутанд л ирдэг зүйл. Бидэн шиг хөтлөлцөөд алхаж  байхад, дуут дохио хангинаад хүрээд ирдэг зүйл биш. Өдөр шөнө, хэзээ ч магадгүй энэ газар чинь нэг л шилгээчихнэ. Хүчнээсээ янз бүр болно. Зөөлөвтөр, чийдэн савлах төдий өнгөрөх ч байдаг. Бүр хүчтэй, барилга байшингууд будаа болон бутрах ч байдаг л юм билээ. Аль нь ч хэлж ирдэггүй, урьдчилсан дохио санамж байддаггүй. 

Дэлхийн хамгийн хөгжилтэй гэгддэг АНУ, Япон, Энэтхэг, Индонез, Филиппин… аль ч улс оронд газар хөдлөлтийг урьдчилаад мэддэг эрдэм ухаан дутсанаас сүйрэлд автаад байгаа шүү дээ. Харин амьтад бол биднээс илүү мэдчихдэг гэсэн.

Сонирхуулахад: Байшинтай айлын нохой хуцаж боргоогоод, байшин тойрч давхиад байхад хэн ч анзаарсангүй. Тэгтэл нөгөө нохой онгорхой хаалгаар давхиж ороод манцуйтай хүүхдийг нь зуугаад гарч ирсэн байна. Гайхаш тасран, хүүхэд нохой хоёртойгоо хөөцөлдөж байх хооронд газар хөдөлж байшин нурсан байдаг. Тэр гэр бүлийнхэн нохойныхоо ачаар бүгд амьд сэрүүн үлдсэн. Ийм жишээ олон бий л дээ. Тэхэд бид, энэ нарийн үндэслэлийг төгс судалчихаж чадаагүй л байгаа юм шүү дээ. Ер нь газар хөдлөлийн аюулаас урьдчилан сэргийлэх сургуулилт гэж жанжныхаа талбайд парад гишгэн сүр үзүүлчихээд л байгаад байх юм уу, амьдралд арай ойр зүйл санаачилмаар юм уу гэдгийг бүгд ярилцах цаг болсон. Би бол арай өөр өнцгөөс хардаг хүн. Энэ саналаа та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо.

1. Улсын нийслэл Улаанбаатар хотын энэ бяцхан нутаг дэвсгэр чинь ачааллаа даахаа байж. Хотын удирдлага, газрын албаныхан минь, дахиж битгий барилга бариулаач. Хотын эргэн тойронд, Эмээлтээс эхлээд газар хөдлөлтийн ул мөр зургаан том ангал байгаа. Ядаж л тэр зургаан том ангалын ойр орчимд орон сууцны том хорооллууд битгий бариач гэж би бичээд, ад үзэгдээд байгаа юм. Энэ чинь “авс” бэлдэж байна гэсэн үг шүү.

2. Хотын барилга байшин чинь, та нарын муулаад байгаа хуучин тогтолцооны үед асар их дэг журамтай байсан юм. Газар хөдлөлийн 7-8 баллд тэсвэртэй байна уу, үгүй юу гэдгийг тооцоолж үзээд барих зөвшөөрөл олгодог, барьсны дараа улсын комисс хүртэлх хэдэн шатны комисс, нөгөө шалгуураараа шалгаж хүлээж авдаг байсан юм. Одоо бол “улсын комисс” нэртэй юм нь барилгынхантайгаа нэг сайн найрлаад, цаадуул нь халаасыг нь түнтийтэл мөнгө чихэж өгөөд хүлээлцчихдэг гэх юм. Тэгээд л зарим барилга нь ороогүй байхад хагарч, цуурч, шавар нь мултраад унаж байна. Үүнд хариуцлага тооцдог систем байхгүй болсон. Хотын төв хэсэг бол ялихгүй түлхэлтэд л “будаа” болно доо. Ийм юмаа анхаарахгүй, хичнээн хөл тавьж, парад алхаад яах юм!

3. Нийслэлийн барилга байшингийн ихэнх нь сиймхий хадаг шиг болсон. Орон сууцнуудын нэгдүгээр давхрын бараг бүх тулгуур хануудыг нураагаад том том заал танхим болгочихсон. Орон сууцны арилжаа наймаанд хяналт тавьдаг газаргүй болсноор нэг байр арваад хүнд дамлан худалдагдаж байна. Орсон айл болгон хана туургыг нь өөрчилж, элдэв янзын хаалга цонх, нүх сүв гаргадаг боллоо. Манайх л гэхэд өчүүхэн чичиргээнд нурах орон сууцанд амьдарч байна. Манайх гуравдугаар давхарт. Нэгдүгээр давхрыг маань нураасаар байгаад цэцэрлэгийн том танхим болгочихсон. Дээд давхрын айлууд, урин дулаан болуут л байраа өрөмдөж, нүдэж гардаг. Хичнээн хана, туурга нурааж хичнээн хаалга үүд гаргаж байгааг бүү мэд. Энэ хавийн иргэд, Баянгол дүүргийн захиргаа, IV хороо, сууц өмчлөгчдийн холбоодод хичнээн шаардлага тавиад, чихгүй юм шиг л өнгөрөөнө. Урин дулаан болохоор хүмүүс чинь амар амгалан сайхан болдог шүү дээ. Манай энд бол дайны талбарт бөмбөгдүүлж байгаа юм шиг, үргэлжийн дуу шуугиан, өрөм алхны доргио чичиргээнд амьдарч байгаа иргэдийгээ “энд цуглар” “тэнд цуглар” гэж хий хоосон гүйлгэхийн хэрэг байгаа юм уу.

Нийслэл хот, ОБЕГ-ын удирдлага минь, гамшиг болохын чинь өмнө бид, гайгүй амгалан тайван амьдармаар байна. Эхлээд барилга байшингуудаа цэгцэлж, нурах аюулаас сэргийлээд, дараа нь нүүлгэн шилжүүлж, тараан байрлуулах асуудлаа ярь даа.

4. Орчин үеийн томоохон барилга байгууламжуудыг доороо хоргодох байртай барих болсон. Улаанбаатарт ийм хоргодох байр арав гаруй байдаг гэнэ. Тэр нь бүгдээрээ нууцын зэрэглэлд багтсан, дарга сайд нар, баячуудын хоргодох байр аж. Мань мэт нь сандраад хүрч очвол оруулахгүй нь байна шүү дээ. Харин ч, чи энд нууц хоргодох байр байдгийг хаанаас мэдсэн, ямар зорилготой юм гээд ял тулгаж болзошгүй нь. Уул нь орон сууцныхаа подвальд бид хоргодох ёстой юм. Тэр подвалиуд одоо бүгд эзэнтэй, цоожтой болчихсон. Арга ядвал, мөлхөөд ч болсон өнөөх эмнэлгийнхээ хашааг л барааддаг байх даа.

5. Бидний иж бүрэн сургуулилт гээд байгаа зүйл чинь гол хамгаалалтаасаа тойроод байна. Гэнэт газар хөдлөхөд иргэд орон байрандаа юм уу, замд яаж өөрийгөө болон бусдыг хамгаалах юм бэ гэдгийг л хүн бүрд ойлгуулж, дадал заншил болгох ёстой юм. Шөнө бүх амьтан хүн унтаж байхад газар хөдөлбөл яах юм? Замын түгжрэлд явж байхад хөдөлбөл яах юм? Өдөр гэртээ сууж байтал хөдөлбөл яах юм гэдгийг л иргэддээ ойлгуулмаар. Барилга байшин чинь олон янз. Угсармал, тоосгон, өндөр нам, ойр хол…. гээд түмэн янзын барилга байшин байгаа. Тэр болгоныг зааг ялгаатайгаар, хүүхэд хөгшидгүй бүгд мэдэж байх ёстой. Манайхны дунд “стол доогуураа ор” гэсэн, нэг л бүдэг бадаг зүйл яваад байгаа. Зарим нь “ханаа түш”, зарим нь “хаалган доороо зогс” гэхчлэн янз бүрийн л юм яриад байна. Биднийг авран хамгаалагчид минь, олон газрын, адил төстэй нөхцөлд хөдөлсөн гамшгийн байдлыг газар дээр нь үзэж ирээд бидэнд зааж сурга л даа. Хятадад бол маш нарийн зохион байгуулалттай, жинхэнэ хамгаалалт байдаг юм билээ. Жишээ нь, газар хөдлөлтийн үед хамгийн эрсдэлтэй зүйл нь орцны шат, лифтүүд байдаг гэнэ. Бүх хүн тийшээ зүтгэдэг, асар их ачаалал өгдгөөс нурах аюултай. Иймээс айлууд цонхоороо буухад зориулагдсан олс, татлага байнга бэлэн байдаг гэнэ. Гэх мэтчилэн гамшгаас хамгаалах маш нарийн дэг журам байдаг юм байна. Эхний ээлжинд тэр бүхнийг иргэддээ ойлгуулж, хэвшүүлээд, эцэст нь нүүлгэн шилжүүлж, тараан байрлуулах ажилдаа ормоор.

6. Ер нь нүүлгэн шилжүүлж, тараан байрлуулах энэ сургуулилт чинь буруу байна. Цагийн байдлыг зөв үнэлэх хэрэгтэй шүү дээ.

Газар хүчтэйхэн хөдөлсөн үед өнөөх дуут дохио өгөх хүн хаана байх юм? ОБЕГ-ын хурандаа Нэргүй хаана байх юм? Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд маань ч хаана байх юм?

“Амь наана, там цаана” гэгч л болно шүү дээ. Манай саяны сургууль шиг, хаачихсан толигор замаар автобусандаа суугаад морилно гэжүү?! Дэлгүүрийн худалдагч нь архиа бүтээчихээд зогсож байх юм гэнэ. Гэнэтийн гамшиг тохиолдоод, сүйрэл болсон нөхцөлд ийм байддаггүй юм гэнэ лээ. Нүүлгэн шилжүүлж, тараан байрлуулах сургууль гэдэг чинь, газар хөдлөлтийн дараа амьд үлдсэн, эрэмдэг зэрэмдэг болсон хүмүүсийн л ажил. Хамгийн их бартаа саад, түгжрэл, энэ замбараагүй хашаа байшин дундуур хүмүүсийг гаргаж тусламж үзүүлнэ гэсэн, гамшгийн сүүлчийн шатны арга хэмжээ. Өвөл байх уу, зун байх уу гэдгээс гол зүйл шалтгаална. Өвлийн хүйтнээр тэр хэдэн ногоон асар майханд аваачаад байрлуулчих юм уу? Эсвэл ….?

7. Монгол, тэр дундаа Улаанбаатар хот маань, ачаалал нь ихэсчихсэн, амьдрах нөхцөл хүнд газар. Ямар ч аюул тулгарч болно. Иймээс сургуулийн хүүхдүүдэд бүр багаас нь гамшигаас хамгаалах хичээл ормоор санагддаг. Хэрэгтэй, хэрэггүй баахан юм үзэж байхын оронд хүүхдүүд маань гамшгаас хамгаалах, эрүүл аж төрөх ёсны мэдлэг чадварыг багаасаа олж авч байг л дээ.

8. Эрхэм дээдэс минь, Д.Сүхбаатарын талбай дээгүүр парад хийж сүрийг үзүүлээд, биднийг дохиогоор цуглуулж барааг нь харчихаад суугаад байх хооронд чинь ямар аюул нүүрлэж байгааг та нар бодож байна уу? Эрт орой хэзээ нэг цагт нийслэлд газар хөдөлнө. Би, муу амлаж байгаа юм биш. Наад өдөр болгон нэмэгдэж байгаа чичирхийлэл чинь хэлээд байгаа юм. Хажуугаар нь усгүй боллоо. Баячуудын баас шээс Туул гол руу цутгасаар бид ундны усгүй болж байна. Хэдхэн жилийн дараа бид вагоноор цэвэр ус зөөж, дөчийн бедонтой оочерлож зогсох болно. Зайсангийн “алтан” хорооллынхон л онгоцоор цэвэр усаа зөөж ууцгаах байх. Агаар, хөрсний бохирдол хэвийн хэмжээнээсээ хэдэн арав зуу дахин нэмэгдчихсэн, ийм хотод бид амьдарцгааж байгаа, хойшид ч амьдарна.

Иймээс Улаанбаатарыг нүүлгэе. Эзэн Чингисийн буйр Хархориндоо очицгооё. Тэнд байгалийн ямар ч гамшиг зовлонгүй, амгалан тайван амьдарцгаая. Хойч үеийнхнээ гамшигаас аврахын тулд өвгөн сэтгүүлч нь ингэж уриалаад байгаа юм. Нийслэлийг нүүлгэнэ гэдэг чинь тийм нүсэр ажил биш. Хотын захиргааг Нүхт рүү нүүлгэхээс л амархан ажил. Ташкентийг таван жилд л нүүлгэчихсэн шүү дээ. “Хаан ордон”-уудаа бариад төр засгийн удирдпага нь нүүгээд оччихоор энэ эрх мэдэлтэй, баячууд чинь уралдаад л хүрч очдог юм билээ. Би ч гэсэн тэнд чинь нэг амбаар барихыг бодно. Нийслэлчүүдэд өөр гарц байхгүй. Баяртай.

Эх сурвалж: Өдрийн сонин
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьян

scroll to top