Хүн төрөлхтөн, хөгжил өндөр улс орнууд ганцхан л зүйлийн өмнө хүчин мөхөсдөж байна. Газар хөдлөлт, аюулт өвчин, гал, ус гээд байгалийн гамшгийг сөрөх хүч энэ дэлхийд үгүй. Хэдийгээр технологийн дэвшил бүхнийг орлож болох ч хүнийг дахин амьдруулж чадахгүй нь лав. Тиймээс улс орнууд хэлж биш хийсч ирдэг гамшиг ослоос сэргийлж, түүнтэй тэмцэхийн тулд бүхий л “ухаанаа” зарж, хөрөнгө мөнгөө зарцуулж байна.
420 мянган хүнд мэдээлэл өгөх 4000 сайн дурынхан ажиллах нь илүү үр дүнтэй
Манай улсын хувьд бусад оронтой харьцуулахад аймшигт цунами, далайн шуурга хормын дотор нөмөрчих вий гэх айдас бага ч цас зуд, гал, ус газар хөдлөлтийн аюул хаалган дээр тулж ирээд хэдэн ч жилийг үдэв дээ. Үүний ганцхан жишээ нь сүүлийн 10 жилд 260 мянган удаа газар хөдөлсөн. 2005 онд хот орчимд жилд 200 удаа газар хөдөлдөг байсан бол 2013 оноос 10 дахин нэмэгдсэн байгаа нь улс орны нэн тэргүүний бодлого иргэдээ гамшгаас хамгаалахад чиглэх учиртайг сануулсан дохио юм. Нэг үеэ бодоход төр, засаг болон олон нийт гамшгийн аюул, хор хохирлыг ойлгодог болчихлоо. Үүний нэг дэвшил нь 30 жилийн дараа зохион байгуулсан гамшгаас сэргийлэх иж бүрэн сургуулилт байв. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гамшгаас сэргийлэхэд төсвийн нэг хувийг зарцуулах санаачлага гаргаж, гурван сая иргэн өрөөлийг байг гэхэд өөрийнхөө амийг аврах анхны мэдлэг, дадалтай болсон нь хамгийн том үр дүн юм. Өөрөөр хэлбэл, гамшгийн үед хэн ямар үүрэг, хариуцлагатай оролцох вэ гэдгээ дарга, цэрэггүй ойлгосон гэхэд болно. Нийслэлийн шат шатны дарга нарыг гурав хоног гамшгаас хамгаалах дадлагад суралцуулсан. Мөн 420 мянган иргэн гамшгийн үеийн хамгийн эхний арга хэмжээ буюу орон байраа орхиж аюулгүй талбайд очсон гээд мэдэгдэхүйц үр дүн гарсан нь үнэн.
Тэгвэл олон жилийн дараа анх удаа зохион байгуулж, олон зуун хүн нойртой, нойргүй хонож, хөрөнгө хүч зарцуулсан гамшгийн сургуулилтын сургамж болоод алдаа, оноогоо дэнслэх учиртай. Ингэхдээ хөрөнгө мөнгө, хувцас хунар гэсэн өнгөц төдийгөөр шүүмжлэхдээ гол биш гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлогоо оновчтой болгох, засч сайжруулах гарц шийдэл юу байгааг тунгаах нь юунаас ч чухал юм. Энэ удаагийн гамшгийн иж бүрэн сургуулилтад 420 мянган иргэн оролцсон мэдээллийг онцгой байдлын байгууллагаас өгсөн. Гэтэл энэ олон мянган хүн аюулгүйн талбайд гарч ирэхэд нэгдсэн зохион байгуулалт муутай, зөвлөгөө мэдээлэл шуурхай өгөх, бүртгэлийн хуудсыг бөглүүлэх гээд хүн хүч үнэхээр дутмаг байдал ажиглагдсан юм. Эндээс 420 мянган хүнд зөвлөгөө, мэдээлэл өгөх сайн дурынхан дутагдаж байсан нь харагдсан юм. Нэг үгээр хэлэхэд 420 мянган хүн гарч ирэхэд тэдэнд зөвлөгөө мэдээлэл өгөх 4000 сайн дурынхныг бэлтгэсэн бол илүү үр дүнтэй. Тиймээс гавьяаны амралтаа эдэлж байгаа ахмадууд, оюутан сурагчид, сайн үйлсийн ажилд идэвхтэй оролцдог залуус гээд гамшгийн аюулын үед аврагчдаас дутахааргүй сайн дурынхныг одооноос л бэлтгэж эхэлье. Их сургуулийн хөтөлбөр, эр цэргийн алба хааж байгаа залууст ч гэсэн гамшгаас сэргийлэх мэдлэг, чадварыг олгож сайн дурыхны эгнээг бэхжүүлж болно. Угаас гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх олон улсын жишиг ч ийм байдаг.
Тайландад 80 мянган сайн дурынхан бий
Дэлхийн дулаарал, газар нутгийн онцлогоос хамаарч гамшгийн аюул шинэ тутам нэмэгдэж байгаатай холбоотойгоор улс орнууд гамшгийн аюултай хэрхэн үр дүнтэй, оновчтой бодлогоор тэмцэх аргаа боловсруулсаар байна. Ялангуяа, их хэмжээний үерийн аюул, цунами нүүрлэсэн улс орон алдаа дутагдлаа засч залруулж, туршлага дээрээ үндэслэж гамшигтай тэмцэх арга хэлбэрээ байнга сайжруулж байна. Бид ч дээр хэлсэнчлэн гал түймэр, үер ус, ган зудын аюулаараа гамшгийн эрсдэлтэй орны тоонд ордог учраас гадны улс орны туршлага, арга хэлбэрээс тасралтгүй суралцаж байх учиртай.
Тухайлбал, Тайланд улсад гамшгийн талаарх иргэдийн ойлголт, мэдээлэл хандлага манайхаас огт өөр. Аюул гамшиг боллоо гэхэд зөвхөн онцгой байдлын байгууллага гэхгүйгээр сайн дурынхны тогтолцоог бүрдүүлж өгсөнтэй танилцах завшаан тохиосон юм. Тайланд улсад 5-10 мянган хүн амтай тосгоны иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед шуурхай нүүлгэн шилжүүлэх бэлтгэлийг сайн дурын багийнхан тогтмол хийдэг. Үүгээр ч зогсохгүй дуут дохио, тоног төхөөрөмжийг хариуцан тогтмол бэлтгэл сургуулилт хийлгэнэ. Үүний нэг тод жишээ нь 14 жилийн өмнө цунамид өртсөн загасчдын тосгонд сайн дурын 17 аврагч, нэг далайн эргийн харуул ажиллаж байв. Сайн дурынхан тосгоны 5000 иргэнийг дуут дохиогоор 15 минутын дотор нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулилтыг ойр ойрхон хийдэг. Тогтсон цалингүй учраас сайн дурын багт ихэнхдээ ахимаг насныхан ажилладаг.
Тайланд улс сайн дурын хамгаалалтын албыг хөгжүүлэхийн тулд орон нутгийн засаг захиргаатай хамтран иргэдэд шат шатны сургалт хийхээс гадна гамшигтай тэмцэхэд сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэхийн тулд иргэдийг хамгийн багадаа 18 хоног Гамшигтай тэмцэх академид байрлуулан бэлтгэдэг юм билээ. Академид сүүлийн 10 гаруй жилд 80 мянган гаруй хүн хамрагдсанаас сайн дурынхны хандлага оролцоог харж болно. Энгийн иргэдийг тодорхой хугацаанд бэлтгэж шалгалт авсны дараа гал сөнөөгчөөр ажиллуулдаг. Залуусын хувьд цэргийн алба хаачихаад сургалтад хамрагдах тохиолдол цөөнгүй. Мөн мужуудын онцлог, тохиолдож буй эрсдэлээс хамаарч химийн хор, гал түймэр, үер усаар мэргэшүүлэн бэлтгэдэг. Анхан шат 33 хоног, дунд шат 90 хоног, эрсдэлийн үнэлгээний багийг тусад нь бэлтгэж байна.
Б.Ууганбаяр: Томилгоотой бүрэлдэхүүн амарч байхад сайн дурынхан үүрэг гүйцэтгэдэг
Гамшгаас хамгаалах ажил бол бүх нийтийн үйлс. Хүн бүрийн хийх ёстой ажил гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн байдаг. Төр дангаараа хариуцаад үр дүнд хүрэхгүй учраас сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх шинэ жишгийг улс орнууд дагаж байна.
Гадаадад сайн дурынхан тогтсон цалин мөнгөгүй ажилладаг бол манай улс Гамшгаас хамгаалах тухай хуулиараа хангалттай дэмждэг. Тэр ч байтугай гамшгаас хамгаалахад сайн дураар оролцож яваад амь нас, эрүүл мэндээрээ хохирсон бол нийгмийн баталгааг нь хангаж өгсөн. Тодруулбал, сайн дурынхан гамшгаас хамгаалах сургалтад хамрагдахаас гадна багаж, хэрэгсэл, хүнсээр хангагдана. Мөн урамшуулал авах зохицуулалттай. Үүнийгээ дагаад эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг биелүүлэх, үнэн зөв, бодит, шуурхай мэдээлэл өгөх үүрэг хүлээнэ. Түүнчлэн сайн дурын хэсгийн ажилтан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүнд онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ахлагчийн албан тушаалын зэрэглэлийн анхны шатлалын үндсэн цалингаар тооцон хоёр жилийн, амь насаа алдсан бол түүний гэр бүлд таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заажээ. Бид онцгой байдлын байгууллага сайн дурынхны оролцоог хангах тал дээр хэрхэн ажиллаж байгаа талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраас тодруулахад “Орон нутагт сайн дурынхныг бэлтгэх ажил сүүлийн үед эрчимтэй явагдаж байна. Ялангуяа, гал түймэр унтраах чиглэлээр түлхүү бэлтгэж байна. Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтраад сайн дурынхныг бэлтгэх чиглэлд илүү анхаарч ажиллаж байгаа. Гамшигтай тэмцэхэд сайн дурынхны үүрэг, оролцоог нэмэх нь зүйтэй. Мөн эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага бий. Бусад оронд амралтын өдөр томилгоотой бие бүрэлдэхүүн амарч байхад сайн дураараа үүрэг гүйцэтгэдэг хүмүүс байдаг. Эрхзүйн талаасаа ч даатгал, татварын хөнгөлөлт зэргээр тодорхой зохицуулалттай. Манай улсад бол үүсгэл төдий л явж байна. Улс орон хөгжихийн хэрээр сайн дурынхны оролцоон дээрээ тулгуурлах тал руугаа явна” гэсэн юм.
Тиймээс өдөр хоногоор хувьсан өөрчлөгдөж байгаа уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэхийн тулд гамшгаас сэргийлэх бодлогын цөмийг сайн дурынхнаар бүрдүүлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга