Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн зарим нутгаар хур тундас орж, цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 14, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд нутгийн баруун хэсгээр 15, 16-нд ихэнх нутгаар,17-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. 16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт Спортын ордоны хөлбөмбөгийн задгай талбайн 20 метр урттай, 3 метр өндөртэй модон сандалнууд шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч 1 автомашинтайгаар 5 км зам туулан 18:08 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байшин, гэрийн эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 08:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 6,5 км зам туулан 08:56 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт багийн “Аваргын мухар” гэдэг газар /аймгийн  төвөөс баруун зүгт 153 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 22 км-т/ малчин С-ийн 2 ширхэг малын хашаа, амбаар, 5 м3 түлээний мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 16:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн 6 алба хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 20 хүн, 3 автомашин, 6 мотоцикльтой,  22 км зам туулан 16:50 цагт очиж, 4 цаг 38 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 17:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч 1 автомашинтайгаар 7,5 км замыг туулан 17:21 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Дэрстэй”-н задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 22:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 31,5 км зам туулан 23:24 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.   

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Батширээт сумын Онон  багийн “Хашлиг ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 783 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 2 алба хаагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 58 алба хаагч, ҮАБ-ын 30 алба хаагч, НОБГ-ын 50 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, ОББ-ын 187 алба хаагч, Батширээт сумын 8 иргэн, Биндэр сумын 12 иргэн, нийт 207 хүн, 16 автомашин, 12 морьтойгоор 19 бүлэгт хуваагдан түймрийг унтраахаар ажиллаж, 05.07-ны өдрийн 19:00 цагт түймрийг цурманд оруулсан боловч 05.08-ны өдрийн 14:37 цагт Монгол Улсын хилийн 778-779 дүгээр тэмдэгтийн чиглэлээр дахин түймэр орж ирсэн. 05.12-ны өдрийн байдлаар НОБГ-ын ГТТХ-ийн дарга, хурандаа Д.Мөнхсайханаар ахлуулсан НОБГ-ын алба хаагчид 775-р тэмдэгтээс урд зүгт Турагтхаан уул хүртэл цэвэрлэгээ хийж бүрэн унтраасан. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, хошууч Г.Галтзулаар ахлуулсан ҮАБ, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нар хилийн 778, 779 дүгээр тэмдэгтээр орж ирсэн түймрийг 05.13-ны өдрийн 06:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Очирсүрэн, Ойн инженер М.Ганбат нарт, “Гутайн давааны-Овоо”-оос “Тулгатын-Эх” гэдэг газар хүртэлх газрыг тус багийн Засаг дарга Г.Мөнхцэцэгт тус тус хүлээлгэн өгсөн. /Урьдчилсан байдлаар түймэрт өргөн 17 км, урт 20 км орчим талбай шатсан./

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Мааньт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ малчин Ч /28 настай, эрэгтэй/, Б /40 настай, эмэгтэй/, М /54 настай, эмэгтэй/ нар 05.11-ний өдрийн 17:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 22:05 цагт хүлээн авч тус сумын Хондот багийн Засаг даргаар ахлуулсан 8 албан хаагч, ар гэрийн 3 хүн, нийт 11 хүн 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, “Эрдэнэ толгой” гэдэг газар иргэн Б-гийн гэрт Б осголтын байдалтай очсон, М 05.12-ны өдрийн 05:00 цагт гэрээсээ урд зүгт 6 км-т Б гэдэг айлд эсэн мэнд очсон, Ч 05.12-ны өдрийн 16.30 цагт “Гэдэргийн-Ар” гэдэг газар малтайгаа явж байсныг эсэн мэнд олсон.

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Мөнхөд” гэдэг газар /сумын төвөөсөө баруун урд зүгт 15 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 135 км-т/ иргэн Э /33 настай эрэгтэй/, Б /15 настай эрэгтэй/ нар малдаа явж байгаад мотоциклтой цасанд суусан тухай дуудлагыг 05.12-ны өдрийн 06:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, 05.12-ны өдрийн 09:00 цагт Айраг сумын төвд авч ирсэн.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн “Мажигийн бууц” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ иргэн С /50 настай, эмэгтэй/ 05.11-ны өдрийн 16:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.11-ны өдрийн 19:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, цагдаагийн газрын 2 алба хаагч, сумын ЗДТГ-ын 2 алба хаагч, сум дундын эмнэлгийн 1 эмч, ар гэрийнх нь 10 хүн, нийт 24 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 05.12-ны өдрийн 11:34 цагт гэрээс нь баруун урд зүгт 15 км-т “Наран” гэдэг газраас цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн “Долоодойн бууц” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ малчин Э /54 настай, эрэгтэй/ Ц /50 настай, эмэгтэй/ нар 05.11-ны өдрийн 17:00 цагийн орчимд  малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.12-ны өдрийн 11:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, “Тэгш дүүрэн” ХХК-ийн 6 ажилтан, 1 автомашин, нийт 10 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж 05.12-ны өдрийн 14:40 цагт гэрээсээ зүүн урд зүгт 2 км-т “Шорвог-Ус” гэдэг газраас нас барсан иргэдийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Дундговь аймгийн Луус сумын Суврага багийн “Суварга” хайрхан, “Дэв” гэдэг газар малчин  Ц 05.11-ний өдрийн 07:30 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон, Хулд сумаас Дов гэдэг газар руу иргэн Н-ийн жолоодож явсан “Сонота 5” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Ланд-Крузер 200” загварын суудлын автомашинтай /3 зорчигчтой/, Мандалговь сумаас Өлзийт сумын чиглэлд иргэн Э /37 настай, эмэгтэй/ замын машинд явж цасан шуурганд төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 05.11-ний өдрийн 22:04 цагт малчин Ц-г эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Мөн өдрийн 23:50 цагт иргэн Н /4 зорчигчтой/ гэртээ ирсэн. Иргэн Э 05.12-ны өдрийн 11:00 цагт Өлзийт суманд эсэн мэнд ирсэн.  Иргэн Б “Ланд-Крузер 200” загварын суудлын автомашинтай /3 зорчигчтой/ 05.12-ны өдрийн 16:43 цагт Өмнөговь аймгийн Манлай суманд ирсэн учир ажиллагааг зогсоосон.

Бусад: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Хад” багийн нутаг “Авиат” гэдэг газар Бат-Өлзий сумаас Арвайхээр хотын чиглэлд иргэн А-гийн жолоодож явсан “Ланд-Крузер 80” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 05.12-ны өдрийн 04:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, цасанд суусан автомашиныг татан гаргасан.

Зам, тээврийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь-Эхийн “Сод Монгол” ШТС-ийн хажууд автомашин цахилгаан дамжуулах агаарын шугамны тулгаар багана мөргөөд жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 01:04 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 10,5 км зам туулан 01:14 цагт очиход Г /51 настай, эрэгтэй/ “Портер” загварын автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top